Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлтөд МАН бэлэн үү

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгийн ихэнх гишүүд Ерөнхий сайдын эрх мэдлийг тэлэх тухай ярьж байхад эсрэг талд нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид ч үгээ нийлүүлж эхэлсэн нь сонин эрх ашиг.

Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ороод байгаа. Өнгөрсөн жилийн хавар зөвлөлдөх санал асуулгаар өөрчлөлт оруулах асуудлуудаа тодруулж, зуны турш орон даяар хэлэлцүүлгээ хийсэн. Ерөнхийдөө өөрчлөлт оруулах гэсэн өмнөх оролдлогуудыг бодоход энэ удаагийнх өргөн хүрээнд, далайцтай ажилласан боловч яг өөрчлөлт хийхэд бэлэн үү гэж асуух шаардлага бас байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Өөрчлөлт оруулах нь зүйтэй” хэмээн тун дипломат өнцгөөс итгэлгүйхэн дуугарч байгаа бол сөрөг хүчин “Нэг нам дангаараа удирдлагад байгаа үед өөрчлөлт оруулах нь зохимжгүй” талаар тод хэлэх боллоо.

Мөн МАХН-ын боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг парламентад суудалгүй намууд дэмжихээ илэрхийлж, саяхан санамж бичигт гарын үсэг зурсан. Бүх ард түмнийг хамруулсан санал асуулга явуулна гэдгээ ч зарлав. Энэ бүхнээс үзэхэд МАН УИХ-д 65 суудалтай, үнэмлэхүй хүчтэй байгаа ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүч түрэн хийх бололцоо нь улстөрийн орчинд хүндрэлтэй харагдаж байна.

Тэгэхээр энэ хаврын улстөржилтийн нэг сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрох нь гарцаагүй юм. Өнөөгийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, танхимынхаа сайд нарыг өөрөө томилох, огцруулах, долоо хүртэл яам нэмж байгуулах зэрэг эрх мэдэл өгөхөөр оруулсан. Ингэснээр УИХ-аар хэлэлцэж томилдог байдлыг дагаад фракц, бүлэглэлүүдийн “шахааны хүмүүс” сайдын албан тушаалд очих замыг хаана гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ч хумих саналууд тэнд бий.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, Засгийн газарт чиглэл егөх эрхийг хасах, зарим хууль, хүчний байгууллагын дарга нарыг томилох биш, зөвшилцдөг болгох гэх мэт санал орсон. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх олонхыг бүрдүүлж буй эрх баригч намын мэдэлтэй сөргөлддөг нь засаглалын ойлгомжгүй байдал үүсгэдэг талаар шүүмжлэх нь бий. Тиймээс ч манай улс парламентын эсвэл хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэх статусын аль талд орох нь ойлгомжгүй явж ирсэн. Өнөөдөр АН-ынхан зарим гишүүн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах асуудлыг эсэргүүцэж “Засаглалын тэнцвэрийг алдагдуулж, нам дангаараа ноёлох байдал руу оруулах гэж байна” гэж байгаа ч АН-ынхан төр барьж байсан үе буюу 2015 онд санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч дээрх агуулгууд байсан юм.

Мөн сум, баг, хорооны Засаг даргыг аймаг, дүүргийн Засаг дарга шууд томилох санал харагдана лээ. Үүгээр бараг ах дүү, айл гэрийн дотор орсон улстөржилтийг зогсооно хэмээж байгаа. Энэ өөрчлөлт ч парламентад суудалгүй намуудад таатай санагдахгүй байгаа болов уу. ИЗНН, МАХН зэрэг намынхан парламентад олуулаа сууж чаддаггүй ч зарим сум, хороонд ялалт байгуулж чаддаг. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ төсөл батлагдвал 2021 оноос мөрдөгдөж эхлэхээр төсөлд тусгасан.

Энэ нь аль нэг намын өнгөн дээр биш ирээдүй цагт хэрэгжиж эхэлнэ гэдэг утгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулахын эсрэг байгаа хүчийг сулруулна гэж тооцсонтой холбоотой. Гэвч өнөөгийн УИХ бүрэн эрхийн хугацааныхаа талд ороод байна. 2020 оны сонгууль ойртох хэрээр намууд эрх баригчдаа шүүмжлэх, сэдэв бүрээр олны анхааралд өртөхийг чухалчилдаг нь жам. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нэг гол сэдэв нь байна гэдэг нь парламентад суудалгүй намуудын нэгдлээс харагдаж байгаа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгтэй эсвэл хэрэггүй гэхээс илүү ярих, тулах, шүүмжлэх цэгээр ирэх өдрүүдэд ашиглагдах болов уу.

Бусад намтай өөрчлөлтийн асуудлыг зөвшилцөхөөс гадна сүүлийн үед цоо шинэ нэг сэдэв яригдах боллоо. Тэр бол Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа. Анх АН-ын зарим лидерийн хүрээнд яригддаг байсан бол одоо УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн ч ярилцлага бүртээ тодотгож байна. Магадгүй хоёр хөршийн дархлагдсан удирдагчдын үйл ажиллагааны шуурхай, шийдэмгий байдал ч нөлөөлж байж мэднэ. Олон нийтийн дунд “Нэг хатуу гараар удирдуулж байж Монгол Улс хөгжих” тухай яриа санаатай ч байж мэдэхээр өргөн хүрээтэй цацагдаж байгаа билээ.

Энэ хөрсөн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх аваас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх хуулийн төсөл, хатуу шүүмжлэлтэй тулна. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ гэвэл мөн л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэж таарна. Эргээд олон нийтээс асуух, зөвлөлдөх санал асуулга явуулна гэвэл энэ УИХ-ын хугацаа хүрэхгүй юм. Үндсэн хууль гэдэг өөрчилж болохгүй шашны судар шиг номлол биш.

Гэхдээ сайн боловсруулсан бол огт гар хүрэлгүй зуун жил болсон туршлага ч бий. Мөнхүү ойр ойрхон өөрчлөгдсөн жишээ ч чамгүй олон. Манай улсын хувьд ардчилсан нийгмийн байгуулалтад шилжээд, 30 шахам жилийг үдлээ. Анх шинэ Үндсэн хуулийг боловсруулахдаа нийгмийн байдал хэрхэн өөрчлөгдөх талаар төсөөлөл бага байсан. Тиймээс нийгмээ дагаад зарим өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай Үндсэн хууль тогтоогчид ч бий.

Гэхдээ өмнө нь хийсэн өөрчлөлтийг“дордуулсан долоон өөрчлөлт” гэж цоллодог. Өнөөдрийг хүртэл эрх баригчид байр сууриа нэгтгэж чадаагүй яваа ийм нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтөд бэлэн үү гэж асуух нь зүйн хэрэг билээ.

Зураг