Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей, Юлия Скрипальд шинэ нэрээр АНУ-д амьдрах санал тавьжээ

Э.Мөнхзаяа
2018 оны 4 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн сард Их Британийн Солсбери хотод хордсон байдалтай олдсон Оросын ТЕГ-ын ажилтан асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг цаашид халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор Америкт шинэ нэрээр амьдрах санал тавьжээ. МI6-ГИЙН албан хаагчид тэднийг нүүлгэн шилжүүлэх боломжийн талаар АНУ-ын ТТГ-ынхантай хэлэлцсэн аж. “Тэдэнд шинэ нэр санал болгоно” хэмээн Британийн Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Сергей, Юлия Скрипаль нар өдгөө ухаан орсон бөгөөд удахгүй мэдрэл, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн халдлагыг мөрдөн шалгахад туслах гэнэ.

Тэд өнгөрсөн сарын 4-нд Солсберид хордсон байдалтай олдсон билээ. Оросын иргэн, өдгөө 33 настай Юлия Скрипалийн хувьд Лондон дахь Оросын ЭСЯ-наас консулын хамгаалалтад аавтай нь хамт авах саналыг хүлээн аваагүй байна. Түүний энэ шийдвэр баруун руу бүрмөсөн шилжих шийдвэр гэж Британийн эрх бүхий хүмүүс үзэж байгаа аж.

Харин өдгөө 66 настай Сергей Скрипаль ухаан орсон ч бие нь охиноосоо удаан тэнхэрч байна. Гэхдээ Британийн сайд нар тэднийг удахгүй юу болсон талаар тайлбар өгч чадна гэж найдаж байгаа гэж нэгэн эх сурвалж мэдэгджээ. Хэдийгээр тэд алгуурхан сайжирч байгаа ч хэзээ ч өмнөх шигээ байж чадахгүй, учир нь эмнэлгийн байнгын хяналт шаардсан гэмтэл авсан гэж өндөр албан тушаалтнууд мэдээлсэн байна.

Их Британи улс тэдний аюулгүй байдлыг хангаж, Америк, Канад, Австрали, эсвэл Шинэ Зеланд гэсэн англи хэлтэй таван улс руу шилжүүлэхийг хүсэж байгаа тухай аюулгүйн эх сурвалжаас мэдээлжээ. “Тэднийг аваачих хамгийн боломжтой газар нь Америк. Учир нь тэнд тэднийг хөнөөж чадахгүй л болов уу. Тиймээс тэнд тэднийг хамгаалах нь илүү хялбар. Харин тэд шинэ нэрээр амьдарна” хэмээн тагнуулын албаны эх сурвалж хэлсэн байна.

“Бид тэднийг англи хэлтэй орнуудын нэг рүү аваачихыг илүүд үзэж байгаа. Яагаад гэвэл тэдний хэрэг аюулгүй байдлын хувьд ноцтой үр дагавар учруулахуйц байна" гэжээ.

Даунинг-Стритийн өндөр албан тушаалтнууд Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Марк Седвилл болон Британийн тагнуулын газрын тэргүүн нарыг Их Британийн холбоотнууддаа “Новичок” хэмээх мэдрэл, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Орост үйлдвэрлэсэн гэж мэдэгдэх ёстой гэж сэнхрүүлэхийг оролдож байгаа гэнэ.

Жонсон нийтлэлдээ Оросын эсрэг баримт нотолгоонуудаа хавсаргасан бөгөөд энэ лхагва гараг гэхэд Химийн зэвсгийг хориглох байгууллагын дүгнэлтийг гаргуулахыг хичээж байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллага тэрхүү хордуулагч бодис нь “Новичок” мөн гэж батлах ёстой болоод байгаа аж.

Химийн зэвсгийн шинжээч Хэмиш де Бреттон-Гордон тагнуулын материалтай танилцаад Их Британийн Засгийн газрыг “Би үүнд оросууд буруутай гэдэгт бүрэн итгэлтэй байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч тэднийг үүнээс болж хариуцлагад татах ёстой” гэж мэдэгджээ.

Харин тагнуулын албаны эх сурвалжууд 28 улсаас Оросын 150 гаруй дипломатчийг хөөгөөд Оросын баруун дахь тагнуулын сүлжээг эрс сулруулж чадсан гэдэгт эргэлзэж байгаа аж. Зөвхөн Нэгдсэн Вант улсаас л гэхэд 23 дипломатчийг хөөсөн байна.

Тэдний үзэж буйгаар Кремлийнхэн байгааг тэдгээр нь Оросын ЭСЯ-тай огт холбоогүй ажиллаж, мэдээлэл цуглуулдаг байж болзошгүй гэжээ. “Оросын хууль бус цагаачдын хөтөлбөрийн үндсэн дээр Лондон дахь ЭСЯ-тай хамтран ажилладаггүй агентууд бий. Кремль тагнуулын мэдээллийг цуглуулах асуудлыг зөвхөн дипломат байдлыг түшиглэж хийдэггүй” гэж тагнуулын эх сурвалж мэдэгджээ.

Зураг