Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Цахим бодлого хариуцсан бүтцийн байгууллагатай болно

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дэд дарга Б.Саранчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүдээс УИХ-ын дэргэд цахим бодлого хариуцсан болон хүчирхийллийн эсрэг бүтцийн байгууллагатай болох санал гаргасныг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. 

Мөн зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах асуудлыг Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч ажиллахаар боллоо. Монгол Улсын Засгийн газар бондуудаа чөлөөлж, Монголбанк бодлогын хүүг бууруулсан учраас арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжтой гэж бүлгийн гишүүд үзэж байгаа юм. 

Бүлгийн хуралдаанаар Тендерийн тухай хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн саналыг цөөнгүй гишүүд гаргасан байна. Энэхүү хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргах асуудлыг ч хөнджээ.

Орон нутгаас сонгогдсон гишүүдийн зүгээс төвлөрлийг сааруулах чиглэлд анхаарч ажиллах асуудлыг тогтмол ярьж байгаа. Иймд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, орон нутаг, бүх шатны удирдлагуудаас саналыг нь авч нэгтгэж, танилцуулах юм. 

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг авч үлдэх үү, явуулах уу гэж яриагүй. Бүлгээс “Хамгаалаад үлд” гэсэн чиглэл ч өгөөгүй. Хуулийн дагуу хэрхэн шийдэх боломжтой тэр хүрээнд нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Прокурорын байгууллагаас ирүүлсэн албан бичигт Д.Гантулга гишүүнийг түтгэлзүүлэх саналыг УИХ-ын тухай хуулийн 6.9-д үндэслэсэн байгаа. Гэтэл Үндсэн хуулийн Цэц энэ заалтыг хүчингүй болгосон.Тиймээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэйг хуульчид ч хэлж байна” гэлээ.

 

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлгийн ХМА