Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс Фэйсбүүкийн мэдээллээ хулгайд алдсан эсэхийг маргааш мэднэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Cambridge Analytica компанид 87 сая хэрэглэгчийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг алдсанаа Фэйсбүүк компани хүлээн зөвшөөрөөд байгаа.

Эдгээр хэрэглэгчдийн 70 гаруй сая нь АНУ-ынх байгаа бол Филиппин, Индонез, Их Британий тус тус сая гаруй хэрэглэгч хувийн мэдээллээ алдсан гэнэ. Мөн өөр бусад улсуудын хэрэглэгчид энэ хулгайд тодорхой хэмжээгээр өртсөн гэнэ.

Тэгвэл Фэйсбүүк компани Даваа гарагт (манай цагаар Мягмар гарагийн шөнө) эдгээр 87 сая хэрэглэгчийн News Feed хэсэгт хувийн мэдээллээ алдсан эсэхийг нь мэдэгдэхээр болжээ.

Үүнээс гадна Фэйсбүүкийн нийт 2.2 тэрбум хэрэглэгчийн News Feed хэсэгт “Protecting Your Information” гэсэн гарчигтай мэдэгдэл хүргэх юм. Энэ холбоосоор орвол тухайн хэрэглэгч ямар аппликэшнүүд хэрэглэж байгаа, эдгээртэй ямар мэдээллүүдээ хуваалцаад байгааг нь харуулах гэнэ.

Хэрвээ хүсвэл хэрэглэгч сайн мэдэхгүй, сэжигтэй аппликэшнүүдийг нэг нэгээр устгах, эсвэл гуравдагч этгээдийн хөгжүүлсэн аппликэшнүүдийн хувийн мэдээлэлдээ хандах эрхийг бүр мөсөн хориглож болох юм.

Дээрх 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлахдаа “This is Your Digital Life” нэртэй санал асуулгын аппликэшнээр дамжуулсан гэдэг. 2014 онд уг аппликэшнийг Александер Коган гэгч эрдэмтэн бүтээж, 270,000 хүнд тараан судалгаа авч байжээ. Гэвч Фэйсбүүкийн цоорхойг ашиглан цаашлаад эдгээр хүмүүсийн найз нарын олон нийтээс нууцалж байсан бүх мэдээллийг цуглуулж чадсан байна.

Сүүлд Фэйсбүүк энэ цоорхойгоо засварласан ч нэгэнт хожимдоод байжээ. Улмаар ингэж олж авсан 87 сая хэрэглэгчийн мэдээллийг 2016 оны сонгуульд Трампын онлайн сурталчилгааг хариуцаж байсан Британий Cambridge Analytica компанид зарсан юм байна.

Өнөө шөнө гарах Фэйсбүүк аппликэшний шинэ хувилбар суусны дараа дээр дурдсан мэдэгдлүүд хэрэглэгчдийн News Feed хэсэгт үзэгдэж эхлэх юм.

 

Эх сурвалж: Associated Press