Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Франц улсууд Сирид хамтарсан цохилт өгөхөөр тохиролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Сирийн дэглэм нийслэл Дамаскийн захын Доума дүүрэгт химийн зэвсэг хэрэглэсний улмаас доод тал нь 40 хүн алагдаж, хэдэн зуун хүн шархдсан тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл Ням гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярьж, Башар Аль Ассадын дэглэмд хамтарсан цохилт өгөхөөр тохиролцжээ.

“Хоёр удирдагч Сирид гарсан химийн зэвсгийн аймшигт довтолгоонд гүн харамсаж байгаагаа илэрхийлээд Ассадын дэглэм хүний эрхийг удаа дараа зөрчиж байгаагийнхаа хариуцлагыг хүлээх ёстой гэсэн нэгдсэн байр сууринд хүрлээ. Хамтарсан цохилтыг хэрхэн хүчтэй, оновчтой зохион байгуулах талаар мэдээлэл солилцож ажиллахаар болов” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.

Францын ерөнхийлөгч Макрон өнгөрсөн хоёрдугаар сард химийн зэвсэг хэрэглэх явдлыг тэвчихгүй гэдгээ мэдэгдэж байв. Тэр “Химийн зэвсгийн хувьд би улаан шугамаа тодорхойлсон. Хэрвээ энэ шугамыг давсан тохиолдол илэрвэл бид тэр газарт цохилт өгөх болно” гэж мэдэгдэж байжээ.

Өнөөдөр АНУ, Франц болон бусад улсууд Сирид химийн зэвсгийг энгийн номхон иргэдийн эсрэг хэрэглэсэн асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулахыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд уриалаад байна.

 

Эх сурвалж: Business Insider