Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Унгарын үндсэрхэг үзэлтэй ерөнхий сайд гурав дахь удаагаа сонгуульд яллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болсон парламентын сонгуульд дүрвэгсдийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлэхээ амласан Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны нам ялалт байгуулж, тэр гурав дахь удаагаа ерөнхий сайдын албыг хашихаар боллоо.

Урьдчилсан дүнгээр Орбаны нам парламентын суудлын гуравны хоёр орчмыг авахаар болжээ. 

Барууны, үндсэрхэг үзэлтэй Орбан өөрийгөө Исламын дүрвэгчдээс Унгарын загалмайтны соёлыг хамгаалагч гэж зарлаад байгаа.

Түүний энэ үзэл олон сая хүний, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн саналыг цуглуулж чадсан байна. Тэрээр Будапешт хотод Данубе мөрний эрэг дээр цугларсан хүмүүст хандаж “Бид яллаа. Унгар улс агуу ялалт байгууллаа” гэж хэлжээ.

“Хүнд тэмцлийн дараа бид чухал ялалт байгуулж, Унгарыг хамгаалах боломжтой боллоо” гэж тэр бас хэлсэн юм.

Нийт саналын 93 хувийг тоолсны дараа Орбаны Фидеш нам парламентын нийт 199 суудлын 133 суудлыг авч, үндсэрхэг үзэлтэй Жоббик нам 26, Социалистууд 20 суудал авсан нь тодорхой болжээ. Зүүний чиг баримжаатай өөр хоёр хүчин 8-9 суудал тус тус авсан байна.

Виктор Орбаныг Европын Холбоо дарангуйлагч, Унгарыг ардчилсан замаас ухраагч гэж үздэг.

Тэр Брюсселийн бодлогын эсрэг тэмцэж, дүрвэгчдийн асуудал дээр хатуу байр суурь баримталдаг юм.

54 настай Орбан одоо Австри, Польшийн үндсэрхэг үзэлтнүүдтэй Төв Европын эвслийг байгуулж Европын Холбооны бодлогыг сөрөн зогсохыг хичээж байгаа. Хэрвээ ингэвэл 28 гишүүнтэй Европын Холбоонд хагарал гарах юм.

 

Эх сурвалж: Reuters