Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Unsick.me: Монгол хүн жар хүрч ухаан суугаад жаран нэгтэйдээ нас бардаг уу?

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр бол Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Анх 1948 оны 4 сарын 7 өдөр ДЭМБ үүсгэн байгуулагдсанаас хойш тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Та бүхэн энэ өдөр эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг хүсье.

Г.Аюурзана зохиолчийн “Сахиуст хангайн нууц” номонд “Монгол хүн жар хүрч ухаан суугаад жаран нэгтэйдээ үхдэг” хэмээн өгүүлжээ. Уг өгүүлбэр нэгийг санагдуулж, хоёрыг бодогдуулав. Яагаад гэвэл энэхүү залуу насандаа таалал төгсөхөд үнэхээр харамсалтай санагддаг.

Тэтгэвэрт дөнгөж гараад анхны тэтгэврээ ч авч чадахгүй, ач зээ хүүгээ ч харж амжихгүй хорвоог орхиход юу нь сайхан байхав. Миний ойр дотны хүн жар хүрээд өнгөрсөн болохоор их харуусал төрж байсан. Тийм учраас та бид өөрийгөө, гэр бүлийгээ, улс орныхоо хүн бүрийг эрүүл бас элэг бүтэн байлгахад хувь нэмрээ оруулж байх хэрэгтэй.

Тэгвэл Монголчууд бид хэд насалдаг вэ?

2016 онд Монголчууд бидний дундаж наслалт 69 болсон. Үүнээс эмэгтэйчүүд 75, эрчүүд 66 насалдаг (Эрүүл Мэндийн Үзүүлэлт, 2016). Сүүлийн 10 жил гэхэд дундаж наслалт 3 жилээр нэмэгджээ (2006 он, 65.9). Гэвч Монгол орон дэлхийн 224 орноос 159 байранд эрэмблэгдэж, дэлхийн дундажаас ихээхэн бага байгаа юм.

Магадгүй дундаж наслалт буурахад манай орны газарзүйн онцлог, эрс тэс уур амьсгал, амьдарч буй орчин, эдийн засгийн чадавх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Энэ олон зүйлээс хамгийн чухал нь Монгол хүн та өөрөө. Яагаад гэвэл энэ таны л бие организм учраас эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, зөв дадал зуршилд суралцах, идэж буй хоол хүнсэндээ анхаарал тавих, амьдарч буй орчноо сайжруулах зэрэг юм.

Та өөр өөрийнхөө оюун бодол, сэтгэлгээгээ зөв залах хэрэгтэй. Жишээлбэл, зарим хүмүүст буруу ойлголт байдаг. Үхэл гээч нь хорвоогийн жам, хүний амьдрах нас бол бурханаас заяасан хувь тавилан. Хэрвээ хүн өөд болвол насны тоо гүйцсэн байна, эсвэл бага наслах хувь төөрөгтэй юм байна зэрэг логик холбоогүй шалтгаан хэлдэг.

Хэрвээ амьдрах насыг бурхан заяадаг бол Монгол хүн жаран хэд наслах, япон, солонгос, хонконг хүмүүс 80 дээш наслах хувь тавилантай гэсэн үг. Энэ бол буруу сэтгэлгээ, яагаад гэвэл япон, солонгос хүмүүс эрүүл мэнддээ та биднээс илүү сайн анхаарч, эрүүл зөв амьдардаг. Энэ хүмүүс урт наслахад эерэгээр нөлөөлөх нийгэм, амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлсэн юм.

Монголчууд бидний эрүүл мэнд ямар байна?

 

Дэлхий ертөнц дэвшилтэт технологи, интернэт, хиймэл оюун ухааны тусламжтайгаар урьд өмнөхөөсөө илүү нээлттэй, өөр хоорондоо харилцан холбоотой болсон цаг үе. Илүү сайн сайхан руу тэмүүлэн хөгжих явцдаа хүн төрөлхтөнийг сүйрэлд хүргэж буй хүчин зүйлийг аль хэдийн нээж, бас шийдэж ирсэн.

Тухайлбал, энэ цаг үед амьдарч буй хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэх, халдварт өвчинд өртөх, дайн тулалдаанд сүйрэх, байгалийн гамшигт амиа алдах тоо нийт нас баралтын маш бага хувийг эзэлдэг. Харин ихэнх хувийг хувь хүний дадал зуршил, идэж буй хоол хүнс, амьдарч буй орчин, стресс бухимдал, нийгмийн хүчин зүйл зэргээс шалтгаалсан өвчин эмгэг эзлэх болжээ. Энэ аюул дэлхий нийт төдийгүй Монгол орныг ч хамарч байна.

Монгол хүний нас баралтын шалтгааныг эрхтэн тогтолцоогоор эрэмблэхэд 33.3%-ийг зүрх судасны өвчин, 25.6%-ийг хавдар эзэлнэ. Өөрөөр хэлбэл нас барсан 3 хүн тутмын 1 нь зүрх судасны өвчин, 4 хүн тутмын 1 нь хавдараас шалтгаалсан байдаг (Эрүүл Мэндийн Үзүүлэлт, 2016).

Нийт нас баралтын 15.3%-ийг зүрхний ишеми өвчин (Дэлхийд #11) тэргүүлж, 10.4% буюу 2-р байрыг тархинд цус харвах эмгэг (Дэлхийд #1-2), 3-р байрыг элэгний хавдар (Дэлхийд #1), 4-р байрыг ходоодны хавдар (Дэлхийд #1), 5-р байрыг гадны шалтгаант осол гэмтэл эзэлдэг. Эдгээрээс харахад зүрх судасны өвчин, хавдарын нас баралт Монгол хүний дундаж наслалт буурахад нөлөөлөх хүчин зүйл байж болох юм (Global Burden of Disease Collaborative Network, 2017).

Монгол хүн бүр эрүүл байх болтугай.

 

Нийтэлсэн:  www.unsick.me