Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын цагт мод, бутыг хэрхэн арчлах ёстой вэ?

Барилга.мн
2018 оны 4 сарын 7
Барилга.МН
Зураг зураг

“Мод, бут ургуулахад хамгийн чухал нь юу вэ?” гэж олон хүн асуудаг. Харин энэ асуултанд мэргэжлийн хүмүүс “Мод ургуулахад хамгийн чухал зүйл гэж байхгүй, бүгд л чухал” гэж хариулдаг аж. Тиймээс мэргэжлийн байгууллага болох “Соёолж” ХХК-ийн ажилтнаас авсан зөвлөмжийг уншигчиддаа хүргэж байна.

Модлог ургамлын арчилгааг жилийн дөрвөн улиралд, тухайн жилийн цаг агаарын байдал болон ургамлын төрөл, онцлогт тохируулан хийнэ. Улаанбаатар орчимд сүүлийн таван жилийн ажиглалтаар хаврын улирал уртсаж байгаа бөгөөд нэгдүгээр сарын сүүлээс огцом дулаарах, өвлийн улиралд цас бага орох зэрэг нь үзэгдэл нэмэгдэж байгаа нь модлог ургамалд сөргөөр нөлөөлж байна.

Гэхдээ таван ес дуусмагц хаврын шинж ордог тул тухайн чухамхүү энэ үеэс л модлог ургамлын арчилгааны ажил эхлэх ёстой. Цасны зузаан их байх тусам хөрсний чийгийн алдагдал багасч, ургамлын үндсийг хөлдөхөөс хамгаалж, хаврын цагт хайлж усалгаа болдог. Модлог ургамалд дараах төрлийн арчилгааг хийдэг.        

Хаврын цагт мод, ургамал чийгээ их алддаг

Хүмүүс бодохдоо өвөл, хаврын цагт мод бут унтаж байгаа гэж боддог. Үндэс унтаж байгаа боловч модны бүхий л гадаргуу, мөчир салаа бүхэн гадна орчны цаг агаартай нэг орчин болон амьсгалж байдаг. Өвлийн туршид, хавар газар гэсэн үндэс “ажиллаж”, хөрснөөс чийгийг авах хүртэл мод ургамал нь гол иш болон мөчирт байгаа өмнөх жилийн ус чийгээр амьдарч байдаг.

Хаврын хуурайшилтыг өөрийн амь чийгээрээ даван гарах эсэх нь нь тухайн модонд өнгөрсөн намар усалгаа арчилгаа аль хэр хийж байсантай маш их холбоотой. Газрын хөрсөн дээрх температур +130С-ээс дээш хэмтэйгээр тасралтгүй арав хоног үргэлжилсний дараа модлог ургамлын үндэс сэрж эхэлдэг.

Намар хангалттай усалж, чийг өгч байсан ургамал хаврыг сайн давж гарна. Хаврын хуурайшилтаас мод бутаа хамгаалахад цасаар тогоог дүүргэн хучих, Дөрөвдүгээр сараас эхлэн агаарын температур +50С-ээс дээш гарсан үед шүршин услах ажиллагааг арав хоног тутамд хийх нь зүйтэй.

Нөмрөг, хучлага, тулгуур бэхэлгээ яагаад хэрэгтэй вэ?

 

Хучлага бүтээлэг нь хэт хүйтэн, салхины аясаар мод, бут чийгээ алдах болон хаврын түлэгдэлтээс хамгаалдаг. Мөн Улаанбаатарын нөхцөлд агаарын бохирдлоос үүсэх хөө тортгоос хамгаална.

Хучлага материал нь зориулалтын байдаг бөгөөд мод, бутанд өмсгөх, бүтээх, хучих аргаар хамгаалдаг. Манайхаас харьцангуй дулаан, чийглэг цаг агаартай БНХАУ-ын Хөх хот, Бээжин хотуудад 12 дугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зарим төрлийн сарнай, царс, гүйлсийн төрлийн модыг даавуун материалаар бүтээж хучдаг.

Тэгэхээр цаг уурын харьцангуй хатуу ширүүн нөхцөлтэй манай орны тухайд модлог ургамлын хучлага, бүтээлгийг өргөнөөр хэрэглэх нь зүйтэй юм.

Хаврын түлэгдэлт гэдэг нь шинэс, гацуур, нарс, зарим төрлийн арц модонд тохиолддог. Энэ нь шилмүүст модны шилмүүс хаврын наранд хатаж шарлахыг хэлнэ. Түлэгдэлт буюу шарлалт нь хавар эрт цаг агаар огцом өөрчлөгдөх, модны намрын арчилгаа, ус чийгийн хангамж хангалтгүй байсанаас шууд шалтгаалан үүсдэг.

Мөн салхи нь модны хувьд бас нэг бэрхшээл үүсгэдэг. Шилжүүлэн суулгасан мод бутанд салхины хор нөлөө эхний жилд маш их. Учир нь эхний жилд мод тухайн орчин хөрстэйгээ сайтар холбогдож “барьцалдаж” өгөөгүй байдаг. Тухайн газартаа үндсээрээ бүрэн бэхжээгүй суулгацыг салхи байнга ганхуулж хөдөлгөж байдгаас модлог ургамлын үндэс гэмтэж, цаашид ургах боломжгүйд хүрч үхэх нь цөөнгүй.

Иймд салхи ба хаврын түлэгдэлтээс хамгаалах арга нь хучлага, мөн тулгуур бэхэлгээ юм. Өндөр нь 1.8 м-ээс дээш модонд тулгуур бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

Зөв тайралт ургалтыг түргэсгэнэ

Тайралтыг /prinung/ модлог ургамалд дараах шаардлагаар хийдэг.

  1. Хатсан ба ургах чадваргүй хэсгийг модноос тайрч авах. Энэ нь түүний ургалтад сайнаар нөлөөлнө. Хатсан мөчир салаа нь модондоо “зүүгдээстэй” байх нь үндэсний ачаалалд нөлөөлж, цаашдын ургалтын байдалд саад болсоор байдаг. Хатсан мөчир салаа нь модны чийгийг алдахөд “дэм” болно.
  2. Эхний жилд суулгаж байгаа модонд туршлагатай ургуулагч нар тайралтыг “хүчтэй” хийдэг. Энэ нь тухай мод шилжүүлэн суулгалтын ба худалдааны явцад үндэсний систем нь тодорхой хэмжээгээр гэмтсэн ба чийгээ алдсаны улмаас стресст орсон байдаг. Ингэхдээ тайралтыг модлог ургамлын салаа мөчрүүдэд хийнэ.
  3. Сүүлийн үед манайд хайлаас модонд маш уран тайралт хийснээр дээд хэсэгт нь бөөрөнхий, бөмбөгөр хэлбэр үүсгэн ургуулж байгаа нь маш сайшаалтай юм. Тайралтын ажлыг дөрвөөс наймдугаар сарын хооронд зориулалтын хайч, хөрөө ашиглан хийнэ. Тайралт хий замаар модлог ургамалд хэлбэржүүлэлт хийх маш олон арга байдаг бөгөөд энэ тухай ном, тайлбар, зураг интернетэд хангалттай бий.

Мод усыг залгиж уудаггүй, харин шимж шингээдэг

 

Хаврын хуурайшилтай улиралд усалгааг дараах байдлаар хийхийг зөвлөж байна.

  • Үндэсний тогоог боломж гарах бүрт цасаар байнга дүүргэж байх хэрэгтэй.
  • Улаанбаатар орчимд хаврын дөрөв, тавдугаар сар модлог ургамалд онцгой эрсдэлтэй сард тооцогдоно. Учир нь энэ үед хур тунадас маш бага, мөн байн байн дэгдэх хуурай салхи, шороон шуурга нь модлог ургамлын хөрс ба чийгийг их хэмжээгээр хорогдуулж, байнга эрсдэл үүсгэдэг. Улаанбаатар хот орчимд гуавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10 хүртэлх хугацаанд модыг долоо хоногт наанадаж нэг удаа услах, тавдугаар сарын 20–ноос долоо хоногт доод тал нь гурван удаа усалж байх нь дээрх эрсдэлээс хамгаална.
  • Усалгааны хэмжээ нь тухайн модны төрөл зүйл, хэмжээ, нас, хөрсний байдал, нар болон сүүдэр талд байгаа эсэх, салхинаас нөмөр газарт байгаа эсэхээс хамаарна. Усалгаанд баримтлах гол зарчим нь "Мод усыг уудаггүй, харин шингээдэг" гэсэн ойлголтыг сайтар ухаарах. Энэ ойлголтын мөн чанар нь модыг нэг удаад их хэт их услах бус, харин тогтмол хугацаанд шаардлагатай усыг нь тогтвортой өгөх ёстой гэсэн агуулгад оршино.
  • Шүршиж услах нь ялангуяа шилмүүст мөн ногоон мод болох нарс, гацуур, хуш, арц модонд онцгой хамааралтай. Шилмүүст мод нь суулгаснаас хойш хоёр дахь жилдээ мөчир болон титмийн хэсэг нь хатсанаас үхэх тохиолдол элбэг. Нөгөө нэг чухал асуудал бол шилмүүст мод нь агаарын бохирдлыг өөр дээрээ хамгийн их “хүлээж авдаг”.

Та бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой газруудад нарс мод хав хар өнгөтэй болсныг олонтаа ажиглан харсан байх. Шилмүүст мод ингэж хөө тортогт дарагдах нь түүний амьдралыг таслах хангалттай шалтгаан болно.

Иймд хавар дөнгөж дулаармагц шилмүүст модыг услах нь мөчир салаанд чийг өгөхөөс гадна түүнд наалдсан хөө тортгийг арилгаж нарны гэрлийг өөртөө шингээхэд нь тус дэм болох онцгой ач холбогдолтой. Гэхдээ хавар эрт үед усалгааг хийхэд модны мөчир салаа бүрэн гэсээгүй, хэврэг байдаг тул гэмтээхээс сэргийлж зөөлөн хандах хэрэгтэй.

Хөрсөнд шим тэжээл, бордоо өгөх, хучмалж хэрэглэх нь

Улаанбаатар орчимд модлог ургамлын үндэс тавдугаар сарын 10-наас сэргэж, ургалт нь эхэлдэг. Хавар цагт модлог ургамлын хөрс шим тэжээлээ бүрэн шавхсан байдаг тул тухайн модны нөхцөл байдалд тааруулан бордоо, шим тэжээл өгөх хэрэгтэй. Хаврын улирал мод, бутны үндэсний ажиллагааг дэмжихийн тулд азот илүү орсон холимог бордоогоор бордох хэрэгтэй.

Хамгийн сайн нь Голландын “Еверис” брэндийн бордоо юм. Энэ бордоог нэг удаа хийсэн байхад бүтэн жилээ даадаг. Мөн органик шим тэжээл болох адууны хомоол ба үхрийн баасыг хэрэглэж болно. Нэг модонд том хүрзний хэмжээгээр гурван удаа адууны хомоол хийхэд бүтэн жилийн турш хангалттай шим тэжээл болдог.

Хавар хөрс гэсэж эхэлмэгц модны тогоон доторх хог ургамлыг цэвэрлэж хөрсийг 15-20 см гүн сийрэгжүүлэх шаардлагатай. Ингэж сийрүүлэлт хийх нь хөрсийг хүчилтөрөгчөөр хангаж, усны шингэлтийг сайжруулж өгдөг. Модны тогоон доторх хөрсөнд өвс ба зэрлэг ургамал ургах нь хөрсний чийг алдагдахад хүргэж, шим тэжээлийн өрсөлдөөн үүсгэдэг тул тэдгээрийг байнга устгаж байх ёстой.

Модны хөрсөнд байх нэг чухал зүйл нь “Мulch” буюу хучмалж юм. Хучмалжийг органик материал болох мод, зомгол, холтос зэргээр хийдэг. Хучмалж нь хөрсний чийгийг хадгалж байдгаараа маш чухал ач холбогдолтой.

 Мал амьтнаас хамгаалах нь

Ойн тухай хуулийн 29.1.5 д “Ойжуулсан, ойн үр бэлтгэх зориулалтаар тусгаарласан болон тарьц, суулгац ургуулсан мод үржүүлгийн талбайд мод бэлтгэх, мал бэлчээхийг хориглоно” гэж заасан байдаг.

Энэхүү заалтын дагуу малаа таны тарьж ургуулсан мод, ургамалд оруулж устгаж сүйтгэсэн тохиолдолд тухайн малын эзэнд хариуцлага тооцох хууль байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Эцэст нь дахин зөвлөхөд мод, бут ургуулахад хамгийн чухал зүйл гэж байхгүй, бүх юм чухал гэдгийг санаж ажиллах нь чухал.

 

Эх сурвалж: “БАРИЛГА.МН” сэтгүүл / link: http://news.barilga.mn/r/73364?preview=1 /

 

Зураг