Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ амралтын өдрүүдэд Монгол улс бөхийн орон мөн эсэхээ харуулна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Чөлөөт Бөхийн Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээн Бямба, Ням гарагуудад АНУ-ын Айова хотод зохион байгуулагдах юм.

Жил бүр дэлхийн шилдэг 8 орны багууд цугларч өрсөлддөг энэ тэмцээнд бөхийн хүчирхэг орнууд болох ОХУ, Иран улс төрийн шалтгаанаар оролцохгүй болсон. 

Эдгээр хоёр орны оронд Монгол, Энэтхэгийн бөхчүүдийг нөхөж оролцуулахаар урьсан юм.

Ингээд АНУ, Азербайжан, Гүрж, Япон, Куба, Казахстан, Монгол, Энэтхэг гэсэн найман орны баг барилдах гэж байна.

Орос, Ираны багууд ирэхгүй болсон нь бөх сонирхогчдын төдийгүй, өрсөлдөгч тамирчдын урмыг хугалаад байна. 

ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Замболат Тедеев саяхан хэвлэлд ярихдаа өөрийн баг нь оролцож чадахгүй болсонд харамсаж, улс төр, спорт хоёрыг салгах хэрэгтэй байгаа тухай хэлсэн юм. Тэр “Өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй багууд бол ОХУ, Иран, АНУ. Гэтэл одоо ямар ч сонирхолгүй тэмцээн болох гэж байна. Учир нь Энэтхэг, Монгол хоёр бол бөхийн орон биш, тэдэнд бөхийн уламжлал, түүх, дэлхийд тэргүүлэх сайн бөх ч байхгүй. Дэлхийн цомын нэр хүнд унаж байна. Спорт улс төрийн гадна байх ёстой, спорт бол дэлхий нийтийн элч байх ёстой. Гэтэл зарим хүмүүс үүнийг мартаад байна” гэж ярьжээ.

Зохион байгуулагч АНУ-ын багийн дасгалжуулагч Билл Задик мөн Орос, Ираны бөхчүүд ирээгүйд харамсаж байгаагаа ярьсан байна.

Тэр “Бөхийн агуу уламжлалтай орнуудын тамирчид энэ тэмцээнд ирэхгүй болсон нь харамсалтай. Хэдийгээр эрх баригчид улс төрийн өөр өөр үзэлтэй ч манай холбоод ахан дүүсийн маш сайн харилцаатай байдаг” гэжээ.

АНУ-ын багийн 74 кг жинд анх удаа барилдах бөх, дэлхийн 5 удаагийн аварга, олимпийн аварга Жордан Барроус “Орос, Ираны бөхчүүдийг ирээсэй гэж бид үнэхээр их хүсэж байсан. Иран бол Дэлхийн цомыг сүүлийн зургаан жил дараалан авсан. Жил бүр бид тэдэнтэй барилддаг ч багаараа хэзээ ч дийлж байгаагүй. Тэдэнтэй өрсөлдөхийг бид үнэхээр их хүсэж байсан. Оросуудыг бас ирээсэй гэж хүсэж байсан” хэмээн харамсан ярьсан байна.

Ийм нөхцөл байдалд Монголын шигшээ баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэж байгаа юм. Тиймээс бөх сонирхогчдын урмыг хугалахгүй барилдах хүндхэн үүрэг тэдэнд оноогдож байна.

Найман шилдэг баг хоёр хэсэгт хуваагдахад Монголын шигшээ баг Казахстан, Азербайжан, Кубын багтай нэг хэсэгт ороод байгаа юм.

Эдгээр багуудтай тойргоор барилдсаны дараа шигшээ барилдаанууд болно.