Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Зорчигч тээврийн нэгтгэлээс тэтгэвэрт гарч байгаа ажилтнууддаа хуулийн дагуу тэтгэмж олгож байгаа"

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
 

“3орчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргаа болон "Эв нэгдэл" ҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ц.Ариунбаатар: Н.Төрбат гэгч нөхөр бидний нэрийг барин сөрөг мэдээлэл тарааж байна 

"Эв нэгдэл" ҮЭХ-ноос эхлээд мэдээлэл хийж, тус хорооны нэрийг барьж худал ташаа мэдээлэл тарааж байна хэмээн мэдэгдлээ.

 

 "Эв нэгдэл" ҮЭХ-ны дарга Ц.Ариунбаатар "Манай “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2016 онд байгуулагдсан. Нэгтгэлийн 1,500 гаруй ажилтан алба хаагчийг одоогоор манай үйлдвэрчний эвлэлийн хороо төлөөлж, хуульд заасны дагуу ажилчдын хөдөлмөрлөх эрх ашиг сонирхолыг хамгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Гэтэл сүүлийн үед өмнөх "Автобус-1" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан Н.Төрбат өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссаныг үл зөвшөөрч, өөрсдийн эрх ашиг сонирхолын үүднээс Нийслэлийн удирдлагууд болон хэвлэл мэдээллээр удаа дараа буруу ташаа мэдээлэл өгч бидний нэр хүндэд халдаж байна. Энэхүү үйл ажиллагаандаа байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан, зөрчлөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг турхирч удаа дараа хэвлэл мэдээдэллээр байгууллагын нэр хүндэд халдаж, ажилчдын хөдөлмөрлөх эрхэнд саад учруулж байна.

Н.Төрбат нь ямар ч гишүүнчлэлгүй, бүрэн эрхийн хугацаа нь 2017.03.02-ны өдөр дуусгавар болсон тул ажилчдыг төлөөлөх эрхгүй. Бид захиргаатай хамтын гэрээ байгуулан холбогдох төрийн байгууллагад бүртгүүлэн ажиллаж байгаа.

Зорчигч тээврийн нэгтгэл нь гурван баазтай бөгөөд эдгээр баазууд нь тус тусдаа үйлдвэрчний эвлэлийн хороотой байж байгаад 2017 оны гуравдугаар сарын 26-нд бүх ажилчдын санаачилгаар хурал хийн, хурлаас “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааг сэргээн, дарга тэргүүлэгч нараа сонгон ажиллаж байна. 

"Автобус-1" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан Н.Төрбат гэгч нөхөр бидний нэрийг барин олон нийтэд сөрөг мэдээлэл тарааж байгаад гомдолтой байна.

Түүний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байх хугацаандаа биднээс хурааж авсан татварын мөнгө болох 36 сая төгрөг, шүүхээр татварын мөнгө гэж гаргуулж авсан 28 сая төгрөг нийт 60 гаруй сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхой бус байдаг" гэв. 

Тус үйлдвэрчний хорооны тэргүүлэгчдийн зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд гишүүдтэйгээ ойр байж, амжилттай сайн ажилласан. Цаашид Нийтийн тээврийн газар болон Улаанбаатар смарт карт ХХК-тай хамтран ажилчдынхаа эрх ашгийн төлөө хийхээр төлөвлөсөн ажлууд маш их байгаа гэдгээ илэрхийлж байлаа.

А.Батболд: Эрхзүйн үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй

 

Үргэлжлүүлэн “3орчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргаанаас мэдээлэл хийж, байгууллагын нэр хүндэд халдан ташаа мэдээлэл тарааж буй иргэдийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан А.Энхтүвшин "Манай хамт олон 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарсан. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ бүрэн авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын нэр хүндэд шууд халдаж байна. Тиймээс шүүхэд хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Ингээд санхүүгийн чиглэлээр нэгтгэлийн ахлах эдийн засагч А.Батболд, хүний нөөцийн чиглэлээр Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дуламсүрэн нар мэдээлэл өглөө.

Нэгтгэлийн Ахлах эдийн засагч А.Батболд "Нэгтгэл болсноор хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг бууруулан ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэж заасан байдаг. Нийслэлийн тээврийн газраас гаргасан цаг чиглэл графикийн дагуу л ажилладаг.

Нийтийн тээврийн байгууллага сахилга, хариуцлага өндөртэй байх ёстой. Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Жишээлбэл, бэлэн мөнгө хураах, маршрутын дагуу явахгүй байх тохиолдлуудад хариуцлага тооцдог. Үүнээс өөрөөр эрхзүйн үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээ буюу смарт картад шилжсэн 2015 оноос хойш манай байгууллагын нэг ч хүний цалин өөрчлөгдөөгүй.

Зарим хүмүүс байгууллагыг ашигтай ажилладаг гэж ярьсан. Энэ бол буруу ойлголт. 2015-2017 онд ашигтай ажиллаагүй. Харин 2017 онд 2 тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж ажиллаж санхүүгийн чадавхаа сайжруулж байгаа. Цалингаас бусад бүх зардал дээр танаж хэмнэж ажиллаж байна. Цалингийн зардал бол үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа үед хэмнэх боломжгүй зардал юм".

Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дуламсүрэн "Ташаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийн нэг болох 3-р баазын үйлдвэрчний эвлэлийн дарга байсан П.Баттулга анх 2002 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тушаалаар жолоочоор ажилд ороод ажиллаж байгаад 2015 оны зургаадугаар сарын 29-ны өдрийн 1868 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

2015 оны аравдугаар сарын 14-ны Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасаны дагуу эргээд жолоочоор ажилд авсан.Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны зургаадугаар сарын 02-н өдөр хүртэл хугацаанд өвчтэй байгаа гэсэн эмчийн магадлагаа ирүүлсэн байдаг.

2017 оны зургаадугаар сарын 03-ны өдрөөс хойш хоёр сарын хугацаанд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил таслаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. П.Баттулга нь хуулийн үндэслэлгүй ажлаас халсан байна гэж ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах буюу хоёр шатны шүүхээс П.Баттулгын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд байгууллагыг хуулийн дагуу шийдвэр гаргасан байна гэж үзсэн" гэлээ. 

Мөн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар "Зорчигч тээврийн нэгтгэлээс 2017 онд 32 ажилтан албан ёсоор өндөр насны тэтгэвэрт хууль журмын дагуу гарсан. Эдгээр гарсан ажилтнууд маань бүгд үйлдвэрчний эвлэлтэй байгуулласан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмж авсан байна. Ташаа мэдээлэл тараах хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс нь байгууллагаас өндөр насны тэтгэвэрт холбогдох хууль гэрээний дагуу гарсан хүмүүс байна. Тэдний тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан гэх бүх баримтууд байгаа.

Байгууллагын зүгээс тэтгэвэрт гарсан болон гарч байгаа ажилтнууддаа хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг олгож байгаа" гэх тайлбар өглөө.