Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-тай боллоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-г өнөөдөр нээлээ. 

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "Гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, хохирогчоос гарсан өргөдлийн хүрээнд бүртгэгддэг байсан.

"Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-тай болсноор цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага ирсэн тохиолдол бүрт бүртгэнэ. Энэхүү сан нь зөвхөн цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллийг бүртгэх биш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл бас бүртгэгдэнэ.

Цагдаагийн байгууллагад жилдээ хагас сая орчим дуудлага мэдээлэл ирдэг. Үүний 30 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байдаг. Цагдаагийн байгууллагын албан хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд очихдоо өмнө нь ямар цагдаагийн албан хаагч очиж байсан, өмнө нь ямар хүчирхийлэл тухайн айлд болж байсан талаар мэдээллийг авах боломжгүй байсан бол нэгдсэн сантай болсноор энэ бүхэн нээлттэй болж байна. 

Цагдаагийн байгууллагад 2018 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 24,034 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьд оны мөн үеэс энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй буурсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хандлага нийгэмд төлөвшөөд байна.

Түр хамгаалах байраар 200 орчим өрхийн 300 орчим иргэн үйлчлүүлээд байгаа. 21 аймгийн зургаан аймагт нь хамгаалах байр бий. Одоогоор бид дөрвөн аймагт гэр бүлийн хүчирхийллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийгээд байна. Цаашид бүх аймгууд мэдээллийн нэгдсэн сантай болно" гэлээ.

Мэдээллийн нэгдсэн сан нь:

  • Яаралтай тусламжийн 102 дугаарын утас
  • Вэб сайтад суурилсан бүртгэлийн систем
  • Цагдаагийн хамгаалах байран дах дотоод мэдээллийн систем гэсэн гурван эх үүсвэртэй. 

Хүчирхийллийн хохирогчийн 92 хувь нь эмэгтэйчүүд байжээ

 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара "Цагдаагийн Ерөнхий Газрын тоон мэдээллээр 2017 онд 1,120 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 936 нь гэмтэж, 9 хүн ам насаа алдсан, нийт хохирогчийн 92 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Гэвч энэ тоон мэдээллийн цар хүрээ хязгаарлагдмал учраас нөхцөл байдлыг бүхэлд нь харах боломжгүй юм. Энэ төрлийн тоон мэдээллийг сайжруулахын тулд Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэйгээр НҮБ-ын хүн амын сан, ЦЕГ-тай хамтран eGBV буюу жендерт суурилсан хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн санг нээлээ.

Энэхүү сан нь гэр бүлийн хүчирхийллийн статистик тоон мэдээллийг сайжруулах, хүчирхийлэл үйлдэгчийг таньж тогтоох явдлыг хялбаршуулах зорилготой бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж, хүчирхийлэл үйлдэгчдэд үйлдсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгэнэ.

Уг системд хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг бүх хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд холбогдсон бөгөөд 2018 онд ЭМЯ, ХЗДХЯ, ХННХЯ-ны тоон мэдээллийг тус санд нэгтгэхээр төлөвлөөд байна" гэв.