Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп нэмж Хятадын $100 тэрбумын импортод татвар ноогдуулах даалгавар өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн албаны хүмүүст Хятадын $100 тэрбумын импортын бараанд нэмж татвар ноогдуулах санал боловсруулах даалгавар өгснөө мэдэгджээ.

Энэ долоо хоногт Вашингтон Хятадын технологийн салбарын 1,300 нэр төрлийн бараанд 25 хувийн импортын татвар оноох санал гаргасан юм. Үүний дараа Хятадын тал хариу болгож Америкийн шар буурцаг, нисэх онгоц, автомашин, үхрийн мах, химийн бүтээгдэхүүнүүдэд импортын татвар оноохоор болсноо зарласан.

Хятадын хариу арга хэмжээ нь АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт том цохилт болохоор байгаа юм.

Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай хоёр орны хооронд худалдааны дайн дэгдэх нөхцөл байдал үүсээд байна. Трамп сонгуулийн үеэр Хятад улстай хийдэг гадаад худалдааны алдагдлыг хатуу шүүмжилж, ерөнхийлөгч болбол харьцааг тэгшитгэх арга хэмжээ авахаа амлаж байв. Гэхдээ Трампын саналуудыг хэрэгжихэд хугацаа хэрэгтэй, энэ хооронд АНУ-Хятадын талууд яриа хэлэлцээрийн замаар асуудлаа шийдэж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн зарим индексүүд огцом унаад байна.

 

Эх сурвалж: Reuters