Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батхүү: "Эрдэнэт үйлдвэр" Стандарт банкинд төлбөр төлөх шаардлагагүй

Б.Билгүүн, Өглөөний сонин
2018 оны 4 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байгаа. Тэгвэл эл хэргээр цагдах хоригдож буй “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн захидал олон нийтэд ил боллоо. Түүний бичсэн захидлаас Стандарт банкнаас авсан "Жаст групп”-ын зээл болон Арбитрын шүүхийн шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” биелүүлэх ёстой эсэх талаар тоймлон хүргэе.

“Жаст”-ын Батхүү Стандарт банкнаас хэрхэн зээл авсан түүх

“Жаст групп” 2009 онд Стандарт банкнаас 36.0 сая ам.долларын зээл авахдаа зээлийн үндсэн гэрээ болон барьцаа, баталгаануудыг хоёр талын л хооронд хийжээ. Ингэхдээ Стандарт банкны шаардлагын дагуу “үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, “Эрдэнэт үйлдвэр” болон “Жаст” группийн хооронд байгуулсан “Зэсийн баяжмал худалдах гэрээний эрх шилжүүлэх” гэрээтэй холбоотой “худалдааны авлагын дансыг удирдах” гэсэн гурван гэрээг “Эрдэнэт үйлдвэр” болон Стандарт банкны хооронд хийх хэрэгтэй болсон байна.

Ш.Батхүү Стандарт банкнаас ирүүлсэн уг гурван гэрээг хийхээр Эрдэнэтийн тухайн үеийн удирдлагатай уулзахад журамд өөрчлөлт орсон учир ийм гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Жаст” компанид дээрх гэрээг байгуулах шаардлагатай байгааг тайлбарлахад ‘‘Эрдэнэт үйлдвэр” санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй бол олон жилийн хамтын ажиллагаагаа бодоод хуулийн хүрээнд дэмжихээ илэрхийлжээ.

Харин Ш.Батхүү дээрх гурван гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн хариуцлага хүлээсэн заалтуудыг хасаад богиносгосон гурван гэрээг хэсэг хугацааны дараа Эрдэнэтийн хуулийн хэлтэст үзүүлсэн. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуулийн хэлтсийн даргын албыг хашиж байсан Б.Мөнхжаргал “Эрдэнэт санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэг” заалтыг гурван гэрээнд нэмж оруулаад Ерөнхий захирлынхаа гарын үсгийг авчээ.

Мөн уг гэрээнүүдийг бүртгэн өөрийн хувийг авч үлдээд Стандарт банкны талаас гарын үсэг зурж баталгаажуулсны дараа бүх гэрээнд үйлдвэрийн тамга дарж өгнө гэжээ. Гэтэл Ш.Батхүү өөрт үлдсэн гэрээний хувь дээрээ “Эрдэнэт үйлдвэр”ийн дуураймал тамгыг дарж, бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээтэй солиод сүүлийн хуудаснаас бусад хуудсанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зурж, Стандарт банкинд хүргүүлснээр зээл гаргуулжээ.

Энэ зээлийн гэрээнд 2009 онд зээл авснаас хойш дөрвөн удаа нэмэлт оруулж, 2010 онд нэг удаа нэмэлт гэрээ хийсэн аж. Энэ бүх гэрээ дээрх гарын үсэг болон тамга тэмдгүүд хуурамч гэдэг нь мөрдөн байцаах ажиллагааны үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогджээ. Мөн Лондонгийн Арбитрын шүүхийн явцад Европын хараат бус шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон нь хавтаст хэрэгт багтсан гэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” Арбитрын шүүхэд ялах магадлал 99.99 хувь байсан

2015, 2016 онуудад болсон Арбитрын шүүх хурлын үеэр хурал даргалагч шүүгч “Эрдэнэт үйлдвэр санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн заалттай гэрээний эх гаргаж өгч шинжилгээнд оруулахыг шаардсан байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмгөөлөгч, хуулийн Вэссоц, Тэйлор компанийн төлөөлөгчдөд эх хувь байгаа эсэхийг өөрсдийн нүдээр харж батлахыг хүссэн ч биелүүлээгүй гэнэ. Европын болон Монголын хуулиар шинжээчид дүгнэлт гаргахын тулд зөвхөн эх хувь дээр ажилладаг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс Лондоны шүүхэд эдгээр гэрээний зөвхөн хуулбарыг гаргаж өгч, “Гэрээ эх хувь олдохгүй байна” гэсэн хариу өгсөн учир Эрдэнэт ялагдаж, үйлдвэрт хамааралгүй их хэмжээний төлбөр төлөх Арбитрын шүүхийн шийдвэр гарчээ.

Стандарт банкинд байгаа Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн хуурамч гарын үсэг, тамгатай гэрээг үндэслэн анх авсан 51.0 сая ам.доллар дээр Эрдэнэт хариуцлага хүлээнэ, бусад нэмэлтүүд дээр хариуцлага хүлээхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Харин “Жаст групп” Стандарт банкинд анхны гэрээний эргэн төлөлт 88.2 сая ам.доллар төлжээ.

Үүнээс харахад “Жаст групп” Стандарт банкинд зээлээ бүрэн төлсөн гэж үзэж болох аж. Мөн “Эрдэнэт үйлдвэр” Арбитрын шүүхэд ялах магадлал 99.99 хувь байсан боловч шүүх ажиллагаанд хуулийн байгууллагаас алга болсон гэх хамгийн чухал нотлох баримтаасаа болж ялагдсан гэнэ. Мөн давж заалдах хугацаа дуусаагүй байхад буюу 2017 онд Авлигатай тэмцэх газар шилжиж ирсэн эл хэргийн материал дунд нөгөө алга болсон, олдоогүй гэрээ зх хувиараа байжээ.

Эрдэнэт үйлдвэр Ш.Батхүүгийн өрийг төлөхгүй байх хуулийн гарц бий

Эрдэнэт энэ зээлд хариуцлага хүлээхгүй байх, зээлийн төлбөрийг шилжүүлэхгүй байх хууль зүйн боломж одоо ч бий гэнэ. 1958 онд байгуулсан “Гадаадын Арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай" конвенцэд Монгол Улс 1994 онд нэгдэн орсон. Уг конвенцийн дагуу Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Монголын шүүхэд Арбитрын шийдвэр болон тухайн шийдвэрийг гаргахад үндэслэл болсон материалыг эх хувиар нь ирүүлэхийг хүсэлт гаргах юм байна.

Ийн Монголын шүүхийн шийдвэрээр баталгаажсан тохиолдолд Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин Стандарт банкинд байгаа “Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой гурван гэрээ ирэхэд хуурамч гэдгийг нотлох бүрэн бололцоотой аж. Ингэсэн тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банкинд төлбөр төлөх шаардлагагүй болох юм байна.

Стандарт банкны зээлийн асуудлаар улс төр хийж байна гэв

Ш.Батхүү захидалдаа “Жаст групп" ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг асуудлыг олон нийтэд санаатайгаар мушгин гуйвуулж ойлгуулан, байдлыг дэвэргэн хурцатгаж, гүтгэлгийн шинж чанартай улс төржүүлж байна.

Мөн олон улсын конвенц, хуулийг судлалгүй тэр өр төлбөрийг төлөх гэж яарч байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” болон улсыг хохироох замаар гадаад руу их хэмжээний мөнгө гаргахаар улайрч байна. Мөн энэ асуудлаар далимдуулж улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс байх магадлалтай гэжээ.

Зураг