Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим халдлагад өртсөөр байх уу...

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтээрээ цахим эринд шилжин, хувьсан өөрчлөгдөж техник технологи “ухаантай” болж, мэдээлэл технологийн хурдацтай хөгжил нь бидний амьдралд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан ч, бас саар талуудыг бий болгосоор байна. “Утас нь ухаалаг болох тусам хүн нь ухаан муутай болж байна аа” гэж өдөр тутамд өөр хоорондоо ярьж инээлдэх хэдий ч үүний эсрэг үүнээс сэрэмжилж чухам юу хийж байгаа вэ? Ухаалаг төхөөрөмжүүддээ бүхнээ даатгаснаар хувийн болон албаны мэдээллээ нууцлах, хадгалах, хувь хүнээ ажилтнаа хөгжүүлэх асуудал орхигдож байна гэхэд хилсдэхгүй. 

Сүүлийн үед хүмүүс сонин телевиз, баталгаатай эх сурвалжаас мэдээ мэдээлэл авахаас илүүтэй фэйсбүүк болон бусад цахим сайтаас баталгаагүй мэдээллийг ямар ч хяналт шүүлтүүргүйгээр хүлээн авч, итгэл үнэмшилтэй хандах нь элбэг болжээ. Үүнийг ашиглаж хуурамч мэдээлэл түгээн, бусдын нэр хүндэд халдах, хүний хувийн профайл хуудсыг ашиглан найз нөхөд танил дотнын хүмүүсээс нь мөнгө луйвардах зэрэг гэмт хэргүүд олширсоор байна. Мөн хуурамч хаяг нээж хүчин төгөлдөр бус уралдаан тэмцээн зохиож хандалтаа өсгөн, энэ үзүүлэлтээ ашиглан олон дагагчтай хаягаа зарж борлуулан ашиг олох явдал ч өссөөр байна. 

Түүнчлэн хүмүүсийн өргөн ашигладаг Free WiFi ч эрсдэл авчирдаг гэвэл итгэх үү? Энэ цаг үед ихэнх хүмүүс ухаалаг утастай, түүгээрээ дамжуулж бүх төрлийн төлбөр тооцооны системд холбогдож гүйлгээ хийдэг. Гэтэл Free WiFi ашигласнаар банк руу онлайнаар нэвтрэх эрх гэхчлэн чухал мэдээлэл тань алдагдах өндөр эрсдэлтэй байдаг. 

Зөвхөн хувь хүнд учрах эдгээр хохирлоос гадна байгууллага аж ахуй нэгжид учрах цахим халдлагууд дэлхийд түгсээр...

Дэлхий даяар хамгийн  их хүн хохирсон цахим халдлага 2013 онд гарсан Yahoo-гийн 3 тэрбум хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан хэрэг юм. Харин энэ оны эхээр хүмүүсийн хамгийн их ашигладаг Facebook цахим сайтын 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан хэрэг гарсан. Энэ хэргийн үнэн эсэхэд олон хүмүүс эргэлзэж байсан ч тус компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг хэвлэлээр дамжуулан уучлал хүссэнээр хэрэг үнэн болох нь батлагдсан юм. 

Байгууллагад халдсан цахим халдлага хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 12-ны 17 цагт гарсан бөгөөд тус халдлагаар дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн байна. Үүнийг цахим аюулгүй байдлын Avast компани “хэдхэн цагийн дотор 77 мянган халдлага бүртгэгдсэн” гэж мэдэгдсэн. Windows үйлдлийн системийн алдаан дээр суурилж дамжсан WannapCryt0r болон түүнтэй төстэй ransomware буюу мэдээлэл барьцаалж, мөнгө нэхдэг төрлийн вирус тарсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. 

Цахим халдлагын улмаас жил бүр дэлхийн хэмжээнд 445 тэрбум ам.долларын хохирол учирдаг хэмээн Вашингтон хотод төвтэй Стратеги, Олон Улс Судлалын Төвийн тайланд онцолсон байдаг. 

Эдгээр болон бусад олон жишээнээс үзэхэд нийгэмд цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай ойлголт байгаа хэдий ч үүнээс сэрэмжлэх, үүний эсрэг авч байгаа арга хэмжээ төдийлөн хангалтгүй байгаа юм. 

Цахим халдлагад өртөх гол шалтгаан нь:

  • Нэгдүгээрт, компьютер болон цахим сайтад хандах нууц үгээ маш энгийн үүсгэдэг нь нууц үгийг хялбар тайлах гол шалтгаан болдог;
  • Хоёрдугаарт, и-мэйл, цахим хаягаар ирсэн урхи spam-ийг нээж орсноор мэдээллээ алдах, устгах, түгжих аюулд хүргэдэг;
  • Гуравдугаарт, ихэнх байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, боловсон хүчин байхгүй;

Улсын, хувийн ер нь ямар ч байгууллага судалгаа, статистик аль нэг төрлийн мэдээлэл дээр төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь тухайн компанийн хувьд үнэт зүйл. Үнэт зүйлээ алдвал цаашид яаж хэрхэн ажиллах билээ. Өдгөө мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр компаниуд үйл ажиллагаа явуулж, сургалт хөтөлбөрүүд зарлагдаж, тусгай програмууд хөгжүүлж нэвтрүүлж байна. Иймд бид үнэт зүйлээ хадгалж үлдэхийн тулд дээрх олон арга замаас өөрт тохирохыг сонгож ашиглах хэрэгтэй.