Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-Хятадын хооронд худалдааны дайны дэгдэх айдсыг албаныхан намжаалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрэн харилцан бие биеийн бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох тухай мэдэгдэл хийцгээсэн юм.

Үүний үр дүнд АНУ-Хятадын хооронд худалдааны дайн дэгдэж, дэлхийн эдийн засаг гүнзгий хямрах тухай айдас хаа сайгүй бий болсон байна. 

Харин өчигдөр Дональд Трампын ойрын хүрээний хүмүүсийн хийсэн мэдэгдэл энэхүү айдсыг намжааж, хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлжээ.

Тухайлбал Трампын эдийн засгийн ахлах зөвлөх Лари Кудлоу “Одоогоор ямар ч дайн эхлээгүй байна. Татвар санаачлах, санал авах, эцсийн шийдвэр гарах, хэлэлцээр хийх гээд томоохон үйл явцын дөнгөж эхний шатанд бид явж байна. Яриа хэлэлцээр хэдийнээ эхлээд байгаа” гэж Fox Business сувагт ярьжээ.

Тэр бас яригдаж байгаа импортын татваруудыг огт хэрэгжүүлэхгүй байх боломжтой, дөнгөж санал авах ажил эхэлж байна, энэ үйл явц тавдугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэж хэлсэн юм.

Түүний мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээлийн индексүүд сэргэж эхэлсэн байна.

Мөн АНУ-ын худалдааны сайд, гадаад худалдаанд хатуу бодлого барьдгаараа алдартай Уилбур Росс худалдааны дайн эхлэх магадлал бага тухай мэдэгдсэн нь зах зээлд эерэг нөлөө үзүүлжээ.

Тэр CNBC сувагт ярихдаа “Цуст дайнд хүртэл хэлэлцээр гэж байдаг. Хэн нэг нь дайсантайгаа энхийн гэрээ байгуулдаг шүү дээ” гэж хэлсэн байна.

Гэхдээ Росс тавдугаар сард багтаж талууд тохиролцолд хүрнэ гэж амлаж чадахгүйгээ хэлсэн юм. Санал авах ажиллагаа 60 хоног үргэлжилж, тавдугаар сарын сүүлээр импортын татвар мөрдөгдөж эхлэхээр байгаа.

Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердью мөн Америкийн фермерүүдийг тайтгаруулах арга хэмжээ авсан байна.

Тэрээр Охайод фермерүүдтэй уулзахдаа ерөнхийлөгч Трамптай саяхан уулзаж ярилцсан, Трамп Хятадын импортын татварыг хэрэгжүүлэхгүй байх арга хэмжээг авна гэж амласан тухай ярьжээ.

Өчигдөр Бээжингийн эрх баригчид АНУ-ын хөдөө аж ахуйн гол импортын бүтээгдэхүүн болох шар буурцагт 25 хувийн татвар ноогдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан юм.

Ерөнхийдөө яригдаж байгаа импортын татвар нь Хятадтай хийдэг гадаад худалдааныхаа алдагдлыг бууруулах яриа хэлэлцээрт хүрэх Трампын тактик байж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна.

 

Эх сурвалж: Business Insider