Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн хил дээр хана босгох хүртэл цэрэг байрлуулна гэж Трамп хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үеэр амлаж байсан хана хэрмийг Мексикийн хил дагуу байгуулах зардлаа Конгрессоор батлуулж чадахгүй байгаа билээ.

Тэгвэл тэр өчигдөр шинэ төлөвлөгөөгөө зарлаж, хана босгож дуусах хүртлээ Америкийн армийн цэргийг хил дээр байрлуулна гэж мэдэгджээ.

Трамп өчигдөр Балтын тэнгисийн орнуудын удирдагч нартай Цагаан ордонд уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд хэлэхдээ “Хана босгож, хилийн хамгаалалтаа бэхжүүлэх хүртлээ бид армийн цэргүүдээр хилээ хамгаалуулах болно. Энэ бол том алхам” гэсэн байна. Тэрээр энэ тухайгаа Пентагоны тэргүүн Жэймс Мэттистэй ярилцсан гэдгээ бас хэлжээ.

Бараг 3,200 км үргэлжилдэг АНУ-Мексикийн хил дээр цэрэг байрлуулах нь шинэ санаа биш. Барак Обама болон Жорж Бушийн үед энэ санааг хэрэгжүүлэх гэж оролдож байсан.

Аль аль оролдлогыг нь дипломатчид, улс төрчид, бизнесийнхэн “хэтэрхий өндөр өртөгтэй бүтэлгүйтэл” гэж нэрлэж байв.

2006 онд Буш үндэсний гвардийн 6,000 цэргийг хил дээр байрлуулж байсан. Дараа нь 2010 онд Обама энэ ажлыг нь үргэлжлүүлж 1,200 цэргээр хилээ мануулсан юм.

Зөвхөн Обамагийн хэрэгжүүлсэн “Operation Phalanx” ажиллагаа 14 сар үргэлжлэхдээ $145 саяыг үрсэн бол Бушийн “Operation Jump Start” ажиллагаа хоёр жил гаруй хугацаанд $1.2 тэрбумыг залгисан байна.

Үр дүнд нь тэд Мексикийн хууль бус цагаачдаас улс орноо бүрэн хамгаалж чадаагүй. Асуудлын гол нь Пентагоны дүрмээр бол үндэсний гвардийн дайчид хил зөрчигчтэй шууд тулгарах, баривчлах эрх зүйн чадамжгүй байдаг гэнэ. Тэд цагаачдыг зөвхөн илрүүлээд хил хамгаалах албаныханд мэдэгдэх үүрэгтэй ажилладаг байжээ.

Тиймээс Трампын санаа Обама, Буш нарын алдааг давтахаас хэтрэхгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Quartz