Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппин хориг тавьсны дараа Кувейтчууд Этиопоос гэрийн үйлчлэгч авахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Филиппин гэрийн үйлчлэгчийн амийг хөнөөсөн хэргийн дараа үүссэн улс хоорондын таагүй харилцаа Кувейт улсыг ажиллах хүчний хомсдолд оруулжээ.

Энэ оны эхээр филиппин үндэстэн, 29 настай Жоанна Демафэлисийн цогцос хөргөгчнөөс олдож байжээ. Түүний цогцосноос тамлан зовоож байсан шинж тэмдэг илэрсэн юм. Эмэгтэйг ажиллуулж байсан гэрийн эзэн, эзэгтэй нар одоо хүн амины хэргээр шүүхээс ял сонсоод байгаа билээ.

Энэ хэргийн дараа Филиппин улс Кувейт руу гэрийн үйлчлэгч гаргахаа зогсоосон юм.

Тэгвэл Кувейтийн эрх баригчид дутагдаж байгаа ажлын байрыг нөхөхийн тулд дорнод Африкийн Этиоп улсаас ажиллах хүч авахаар хэлэлцэж байгаагаа өчигдөр мэдээлжээ.

Кувейтийн иргэний хэрэг хариуцсан ерөнхий газрын дарга Талал Аль Маарифи “Бид Этиопоос ажиллах хүч авах замыг нээж, дотоодын хомсдол, үнийн хөөрөгдлийг зогсоохоор ажиллаж байна” гэж хэвлэлд ярьсан байна.

Этиоп улс нь таван жилийн өмнө Кувейтэд ажиллаж байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг зөрчигдөж байна гэж үзсэний улмаас Филиппинтэй адил хориг тавьсан юм.

Уг хоригийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан байна. Маарифигийн мэдээлснээр одоо Кувейтэд 15,000 гаруй Этиопын иргэн ажиллаж байгаа гэнэ. Харьцуулбал Кувейтэд одоо 252,000 Филиппин иргэн ажилладаг юм.

Хүний эрхийн байгууллагууд Арабын орнуудад хэрэгждэг гадаад ажилчин ажиллуулах визний журмыг боолын хөдөлмөртэй адилтган шүүмжилдэг.

 

Эх сурвалж: AFP