Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантуяа: Дэлхийн өндөр хөгжилтэй орны боловсролыг хүүхдүүддээ олгох боломжийг заана

Х.Монголхатан
2018 оны 4 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

“Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө, мэдээллийн онлайн хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэгч, “Америкт сурч амьдрах боломжууд” номын зохиолч Т.Гантуяатай онлайнаар ярилцсанаа хүргэе. Тэрээр АНУ-ын Вашингтон ДС хотод амьдардаг юм.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Таны онлайн хөтөлбөр олон хүний сонирхлыг татаж байна?

-Намайг Т.Гантуяа гэдэг. Би АНУ-д ирээд таван жил болж байна. Энд ирэхээсээ өмнө Монголдоо хоёр их сургууль дүүргэж, 2004-2013 онд Хас банкинд зээлийн эдийн засагч, “Дөчин мянгат тооцооны төв”-ын захирлаар ажиллаж байсан.

2013 онд АНУ-д ирж, Кентаки мужийн Campbellsville University ESL англи хэлний сургуульд сурч, 2014-2016 онуудад Виржиния мужийн Арлингтон хот дахь “California University Management and Science” сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалж, менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ нэг жил ажиллах эрхийн дагуу энд мэргэжлийн дадлага хийсэн.

Харин 2017 оны долоодугаар сард нь “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрөө санаачлан явуулж, өнгөрсөн гуравдугаар сард “ Америкт сурч амьдрах боломжууд” номынхоо нэгдүгээр дэвтрийг уншигчдын хүртээл болгоод байна.

-Та олон хүний хүсэлтээр “Америкт суралцах миний төлөвлөгөө” хөтөлбөрийг санаачилсан гэсэн. Гол зорилго нь юу вэ?

-Анх АНУ-д суралцахаар ирсэн мөчөөс эхлээд Америкт хэрхэн суралцах талаар өөрийн мэдсэн сурсан бүхнээ ойр дотнын найз нөхөд, танилууддаа зөвлөж, мэдээлэл хүргэж байсан. Үнэн бодит мэдээлэл авсан хүмүүс АНУ-д суралцахаар ирж, надтай зэрэгцэн сурч, сургуулиа төгсөж байгааг харж, урам зориг авдаг байлаа. Мөн танихгүй хүмүүс ч цахимаар холбогдон, суралцах боломжийн талаар асуудаг байсан учраас энэ хөтөлбөрийг санаачилсан юм.

АНУ-д сурч байхдаа сургалтын төлбөрөө ажил хийж олсон тул миний оюутны амьдрал тийм ч амар хялбар байгаагүй. Тиймээс тэтгэлгээр сурах боломж олон байдгийг мэдэж, судалж, энэ талаар монгол хүүхэд залуустаа зөвлөх болсон. Мөн сургалтын төлбөрөө өөрөө олох, тэтгэлэгтэй сурах хоёрын ялгаа, хөдөө оюутны хотхонд сурах, хотод бие даан амьдарч сурахын ялгааг “Америкт сурч амьдрах боломжууд” номондоо бичсэн.

-Зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөр ямар онцлогтой, хэр үр дүнтэй байна вэ?

-Хөтөлбөр маань туршлага мэдлэгт тулгуурласан “Менторын хөтөлбөр” юм. Би Монголдоо нэртэй ментор дасгалжуулагч болон Америк Канадын нэрт ментор, дасгалжуулагчийн хөтөлбөр сургалтад байнга хамрагдаж, үүнээс олж авсан мэдлэгээ хөтөлбөртөө оруулж өгдгөөрөө давуу тал болдог.

Мөн Монголд анхдагч шинэлэг онлайн хөтөлбөр, АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотоос монголчууддаа зориулж үнэн бодит мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэдэг. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид маань АНУ-д суралцах төлөвлөгөөгөө боловсруулаад, түүнийхээ дагуу алхам, алхмаар урагшлах урам зоригийг авч, гүйцэтгэлийг нь гурван cap тутамд нь дүгнэж явдаг. Нэг сарын турш дөрвөн шинэ модуль судалж, гэрийн даалгавартай байдаг гэх мэт олон давуу талтай. Ер нь үнэхээр өндөр боловсрол эзэмших, АНУ-д суралцах чин хүсэлтэй хүмүүст давуу тал, үнэ цэнэ нь үгүйлшгүй их дээ.

Хөтөлбөрт хамрагдсанаар тэтгэлэгтэй сурах боломж, суралцах хугацаандаа юуг анхаарах, хэрхэн амжилттай төгсөх, төгсөөд хэрхэн ажиллах эрхээ ашиглах зэрэг олон талын зөвлөмж, мэдээллийг цогц байдлаар авах юм. Нэг ёсондоо миний таван жилийн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагыг хөтөлбөрт оролцогчид маань нэг сарын хугацаанд эзэмшинэ гэсэн үг.

Хөтөлбөр маань амжилтад хүрэх сэтгэлзүйн зөвлөгөө, хувь хүний хөгжил, Америкт суралцах сургуулиудын мэдээлэл, тэтгэлэг олж авах боломжууд, мөн практик гэсэн хосолсон байдлаар явагддаг цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх мэдээллийн бааз юм.

-АНУ-д сурахад сургуулиа сонгоод, визээ авбал бүх зүйл болох юм шиг санадаг. Гэтэл таны хөтөлбөр илүү өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөх юм байна?

-АНУ-д суралцана гэдэг хүн амьдралынхаа хамгийн чухал өөрчлөлтийн шийдвэрийг гаргаж байгаа юм. Гэвч суралцахаар зорьсон ч хангалттай мэдээлэлгүй ирсэн хүмүүс замаасаа хазайдаг. Учир нь шинэ орчин, хэл соёлд орсон хүн бие болон сэтгэлзүйн хүнд шоконд орох үе бий. Ядаж л бие нь өвдлөө гэхэд хаана хандахаа мэддэггүй.

Банкны өндөр хүүтэй кредит картны өрөнд орохгүйгээр санхүүгээ зохицуулах, сэтгэлзүйн хүнд дарамтууд, ганцаардал гээд олон саад бэрхшээл тохиолдоно. Үүнээс урьдчилан сэргийлэх, амьдралд хэрэгцээтэй бүхий л мэдээлэл, зөвлөмжүүдийг хөтөлбөрөөс суралцах боломжтой. Ерөөсөө хэн мэдээлэл, мэдлэг сайтай байна, тэр хүн Америкт амжилттай суралцах боломжтой цаг үед бид амьдарч байна.

Тиймээс хүүхэд залуус маань дунд сургуулиасаа эхлэн өөрийгөө бэлдэж, англи хэлээ сурч, төвшингээ тогтоолгож, эссэ бичиж, өөрийн давуу талаа танилцуулсан өргөдлөө АНУ-ын сургуулиудад явуулахад тэтгэлэгтэйгээр аль ч сургуульд суралцах бүрэн боломж бий. Үүнийг аав, ээжүүд нь ч маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ цагийн аав ээжүүд бид маш хариуцлагатай цаг үед амьдарч байна. Цөөнхөд цөөн байхын давуу тал гэж бий.

Үүнийг бид дэлхийн өндөр хөгжилтэй орны боловсролыг хүүхдүүддээ эзэмшүүлэхэд ашиглах хэрэгтэй. Ингэж байж улс эх орон маань хөгжиж, ирээдүй хойч үе маань сайхан амьдрах болно. Тиймээс эцэг эхчүүдэд зориулсан “Америкт суралцах миний хүүхдийн төлөвлөгөө” хөтөлбөрийг ч мөн эхлүүлээд байна.

-Хүн өөрт тохирсон зөв мэргэжил, сайн сургуулийг сонгоно гэдэг хамгийн чухал зүйл. Энэ сонголтоо зөв хийхэд нь таны явуулж буй сургалт туслах нь ээ?

-Тийм ээ. Хамгийн түрүүнд хүн бүр заавал мөрөөдөлтэй байх ёстой. Дараа нь мөрөөдлөө биелүүлэх тууштай зүтгэлтэй, хөдөлмөрч байх хэрэгтэй. Үнэхээр Америкт сурах хүсэлтэй бол англи хэлийг сайн эзэмш, тууштай байж, зорилгодоо хүрэх сэтгэлийн их тэнхээтэй байгаарай. Аливаа зүйлд зориод, хөдөлмөрлөж байхад зүтгэлийг чинь үнэлээд, чамд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс таардаг юм шүү. Зоригтой, зорилготой, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрч байгаарай гэж залуустаа зөвлөх байна.

Зураг