Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хятадын технологийн салбарыг чиглэсэн импортын татварыг санаачлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа жилийн $50 тэрбумын дүнтэй Хятадын импортын бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж, эдгээрт импортын 25 хувийн татвар ноогдуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.

Америкийн Худалдааны Төлөөлөгчийн газар энэ жагсаалтад 60 хоногийн хугацаанд олон нийт, компаниудаас санал авсны дараа хэрэгжих шатандаа орох юм.

Жагсаалтад технологи, тээвэр, эмнэлгийн зэрэг салбарын нийт 1,300 орчим бараа бүтээгдэхүүн багтсан байна. Тухайлбал химийн бодисууд, LED гэрэл, мотоцикль, шүдний эмчилгээний багаж хэрэгсэл гээд ерөнхийдөө энгийн хэрэглэгчид шууд хүрдэггүй, үйлдвэрлэлийн эд анги, бизнесийн хэрэглээ болдог бараа бүтээгдэхүүнүүд багтжээ.

Шинэ татварын зорилго нь АНУ-ын компаниудаас оюуны өмчийг дотоодын компаниуддаа хүчээр шилжүүлж авдаг Хятадын бодлогод цохилт өгөх гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Бээжингийн эрх баригчид аж үйлдвэрийн салбараа шинэ шатанд гаргах “Made in China 2025” гэсэн нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний эсрэг дээрх арга хэмжээг авч байгаагаа ч Вашингтоны тал нуугаагүй байна.

“Made in China 2025” хөтөлбөрт стратегийн 10 салбар болох мэдээллийн технологи, роботик, нисэх онгоц, шинэ төрлийн автомашин, эм эмнэлэг, цахилгаан эрчим хүч, дэвшилтэт материал, хөдөө аж ахуйн машин механизм, тэнгисийн хөлгийн үйлдвэрлэл, инженерчлэл, төмөр зам багтаж байгаа юм.

Хятадын зах зээлд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй Америк компаниудын технологийг дотоодын компанид шилжүүлж авдаг журам нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэсэн гэгдэж байна.

Хоёр хоногийн өмнө Хятад улс АНУ-ын хүнсний барааны импортод 25 хүртэл хувийн татвар оногдуулж эхэлсэн юм. Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд худалдааны дайн дэгдэх цаг ойртож байна.

 

Эх сурвалж: Reuters