Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Гантулга: 100 айлын худалдааны төвүүдийг НҮҮЛГЭХГҮЙ

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
 

100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.

- 100 айл орчмын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг ямар үе шаттайгаар зохион байгуулахаар тогтсон бэ, Иргэдийн дунд энэ оны гуравдугаар улиралд багтаж нүүлгэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа шүү дээ?

- 100 айлыг нүүлгэхтэй холбогдуулан судалгаа хийх ажлын хэсэг хоёр сар гаруй ажиллаж байна. Энэ хугацаанд худалдаачидтай уулзлаа. Ойр орчмын байгууллагууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдээс саналыг нь авлаа. Ингээд 100 айлыг нүүлгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах саналаа боловсруулан гуравдугаар сарын 30-нд НИТХ-ын гуравдугаар чуулган дээр танилцуулсан байгаа.

НИТХ-ын дарга энэ оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ гэсэн. Гэхдээ шууд очоод л бүх лангууг хаагаад, үйл ажиллагааг нь зогсоогоод, өөр газарт нүүлгэн шилжүүлэх боломжгүй байгаа. Тиймээс ажлын хэсэг нүүлгэх ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулж, 100 айл орчимд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх саналыг боловсруулсан.

Нэгдүгээр үе шатанд ил задгай худалдааг зогсоож, зам талбайг чөлөөлөн одоо байгаа гурван эгнээ замаа 4-6 эгнээ болгож өргөтгөх, явган замыг станартад нийцүүлэн хоёр байршилд тус бүр 200 авто машины зогсоол байгуулах боломжтой гэж харж байна.

Хоёрдугаар шатанд хуучин худалдааны төвүүдийг буулгаж, худалдаачид болон үйлчлүүлэгчдийн тав тух, олон улсын стандартыг хангасан томоохон худалдааны төв барих шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлаар худалдаа эрхлэгчидтэй ч уулзалт хийж ярилцсан. Ярилцаад зөв ойлголт өгөхөөр татгалзах хүн байхгүй. Худалдаачид газраа чөлөөлж өгсний хариуд бизнесээ өргөжүүлэх, тав тухтай үйлчилгээний газартай болох боломжоор хангагдах юм.

Гуравдугаарт Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчмыг дахин төлөвлөх саналтай байна. Ер нь бол төв замаа дагаад зах байрладаг бол арын гудамжинд нь барааны агуулах, худалдаачдын гэр байгаа. Тиймээс энэ орчмыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зам талбайн зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байна. Түүнээс биш хөөж туугаад, газрыг нь ямар нэгэн байдлаар шахаж чөлөөлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 

- Гурван үе шаттай ажлаа ямар хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

- Уг нь гуравдугаар сараас ил задгай худалдааг зогсоогоод тавдугаар сараас зам талбайн тохижилтын ажлыг мэргэжлийн байгууллагуудаар нь төлөвлүүлж, зургаадугаар сараас тохижилтын ажлыг эхлүүлэх саналтай байсан. Одоохондоо хугацааны хувьд бага зэрэг хоцрогдолтой явж байна.

Хоёрдугаар шатны ажлыг намраас эхлэх бөгөөд нийслэлийн зүгээс барилга байшингуудын ерөнхий төлөвлөгөөг гаргаж, худалдаа эрхлэгчдийг барилгын компаниудтай холбож өгөхөөр төлөвлөсөн. 

Гуравдугаар шатны ажлыг ирэх хавар гэхэд эхлүүлэх, ер нь 2018-2020 онд эдгээр ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зорилготой байгаа.

- 100 айлд хэчнээн дэлгүүр, худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд 400 гаруй барилгын материалын үйлдвэр, 1,300 гаруй худалдаа үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна.

Барилгын материалын үйлдвэрүүдээ Налайх руу гаргана. Учир нь барилгын материалын үйлдвэрүүдийн ашиглаж байгаа түүхий эд бүгдээрээ урд хөршөөс буюу Чойр, Налайхаар дамжиж орж ирдэг. Тэр хортой түүхий эдүүдийг хотын төв рүү оруулж ирэх шаардлага огт байхгүй. 

Харин барилгын материалын захаа зөв зохион байгуулж, олон улсын стандартад нийцүүлэн, худалдан авагч, худалдаа эрхлэгчийн аль алиных талын эрх ашгийг сайжруулах саналтай байгаа юм. 

100 айл орчмын одоогийн болон шинэчлэх ерөнхий зураглал 

/Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газраас гаргасан зургууд/

- 100 айл орчмын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр өөр ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

- Энэ асуудал сүүлийн 20-иод жил яригдаж байгаа асуудал. Анхнаасаа буруу төлөвлөлт хийсэн учраас өнөөдөр 100 айл орчимд барилгын материалын зах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн ЭМТ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хоёр сургууль, нэг цэцэрлэг гээд хамгийн ачаалал ихтэй төрийн байгууллагууд байрлаж байна. Эдгээр байгууллагууд барилгын материалын захын хажууд байх нь маш буруу гэдгийг бид ярьсаар, анхаарсаар байсан ч ийм байдалд хүрчихлээ. Одоо хойш суулгүй заавал шийдвэрлэх хэрэгтэй байна.

Ер нь бол бүртгэлийн байгууллага руу зорчих иргэд 100 айлын замын хөдөлгөөний 30-40 орчим хувийг бий болгож байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид Хууль зүйн яаманд санал хүргүүлж, тус байгууллагын зарим үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүргэх боломжийг судалж байна.