Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Белл: Хавдар болон зүрх судасны өвчний эсрэг тэмцэх аяныг үргэлжлүүлнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр томоохон төслийг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтрагч байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа. 

ХААН Банк нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ. Эхэндээ урлаг, уран зургийн салбарт түлхүү дэмжлэг үзүүлж байсан бол 2007 онд дэргэдээ ХААН Банк Санг байгуулж, түүнээс хойш 10 жилийн хугацаанд хүн ардын эрүүл мэндэд чиглэсэн 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 

Тухайлбал, 2011 оноос хойш Хавдар Судлалын Үндэсний Төв, МҮОНРТ-тэй хамтран "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг хэрэгжүүлж, нийт 115,000 гаруй иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулжээ. Мөн өнгөрөгч онд Улсын III төв эмнэлгийн санаачилсан манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчинтэй тэмцэх зорилготой "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ы хамтран хэрэгжүүлж, 4,000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж ажилласан байна. 

Тэгвэл энэ жилийн хувьд "Хавдрын эсрэг үндэсний аян", болон "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг үргэлжлүүлэхээр болжээ. 

ХААН Банк Сан эрүүл мэндийн салбарын 30 гаруй төслийг санхүүжүүлсэн

Энэ талаар ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл "ХААН Банк Сан өнгөрсөн 10 жилийн хугацаанд боловсрол, орон нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, залуусын хөгжилд чиглэсэн 300 гаруй төсөл хөтөлбөрийг 3 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлсэн бол зөвхөн эрүүл мэндийн салбарт л гэхэд 30 гаруй төсөл хөтөлбөрийг 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. 

Бид 2018 онд эрүүл мэндийн салбарт тэргүүлэх хоёр шалтгаан болоод байгаа хавдар болон зүрх судасны өвчний эсрэг тэмцэх үндэсний хэмжээний төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, санамж бичгээ өнөөдөр үзэглэлээ.

Цаашид ч бид ХААН Банк Сангаараа дамжуулан уламжлалт төслүүдээ хэрэгжүүлэн хүн ардын эрүүл мэндэд хувь нэмрээ оруулах болно" гэсэн юм. 

Энэ жилийн "Хавдрын эсрэг үндэсний аян" ходоодны хорт хавдарт чиглэх бөгөөд энэ төрлийн өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог баруун аймгуудад, харин "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг тухайн төрлийн өвчлөл хамгийн өндөр байдаг төвийн аймгуудад хэрэгжүүлэхээр болжээ.

Эдгээр аяны хүрээнд иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах болон орон нутагт цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ. 

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд өнгөрсөн долоон жилийн хугацаанд 500 гаруй яаралтай мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн 7,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулан олон нийтэд хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан байна. 

"Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд 500 гаруй хүний амийг аварсан

 

ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн "Аливаа түншлэл урт хугацаанд удаан үргэлжлэх нь үр дүн өндөртэй байдаг. Ялангуяа хавдрын тухайд нэг өдөр аян зохион байгуулаад маргааш нь энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй.

Тиймээс бид хавдрын өвчний эсрэг найм дахь жилдээ хамтран ажиллаж байгаа нь уг өвчнийг эрт илрүүлэхэд том түлхэц болж байна. Хорт хавдрыг эрт илрүүлж чадвал эмчилж чадна гэсэн уриан дор бид ажилладаг. Эрт илрүүлгийн үйл ажиллагаа орон нутагт хүрэх ёстой. 

"Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг хэрэгжүүлж ирсэн долоон жилийн хугацаанд 500 гаруй хүний амийг цаг мөчтэй уралдан аварч чадсан байна. ХААН Банк Сангаас нэг тэрбум орчим төгрөгийг "Хавдрын эсрэг үндэсний аян"-д зарцуулсан байдаг. Уг аян бол Монгол Улсад хамгийн удаан тогтвортой үргэлжилж буй эрүүл мэндийн төсөл юм" гэлээ. 

"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ны хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дөрвөн дүүрэгт даралт хэмжих багаж бүхий буланг байгуулан, иргэдэд үйлчилж байгаа ажээ. 

Цусны даралт ихсэлтээс болоод амиа алдаж байгаа иргэд олон

 

Улсын III төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-очир "2018 оны "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" орон нутаг руу үйл ажиллагаагаа тэлж байгаа. Архангай, Булган аймгийн иргэдийн цусны даралт өндөр гэсэн статистик мэдээ гарсан. Уг хоёр аймаг болон Хөвсгөл, Говь-Алтай гэсэн нийт дөрвөн аймагт "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" чиглэнэ. 

 Цусны даралт ихсэлтээс болоод тархины харвалт, зүрхний шигдээс болж цаг тутамд амиа алдаж байгаа иргэд олон байна.

Ийм учраас энэ өвчинд зайлшгүй анхаарал хандуулах цаг нь болсон" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.