Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Винк: Гитарч Арам Ван Баллертын концерт Монгол, Бельгийн ард түмнийг хамт байлгах боломж бүрдүүлнэ

ikon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бельгийн Вант Улсын Элчин Сайдын Яамнаас гитарч Арам Ван Баллертын концертыг 2018 оны 4 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. 

 Гитарч Арам Ван Баллертын тоглолт 4 дүгээр сарын 5-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 19:00 цагаас болно.

Монгол Улсыг хамааран суугаа Элчин Сайд Марк Винк “Бельгийн уран бүтээлч Арам Ван Баллертын концерт нь Монгол болон Бельгийн ард түмнийг хамт байлгах боломжийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж дурьдав.  

Арам Ван Баллерт нь Бельгийн чөлөөт уран бүтээлч бөгөөд Антверп хотын симфони оркестрийн зочин хөгжимчин мөн Астор Пиазоллагийн концертийн гоцлол хөгжимчин юм. Ганцаарчилсан тоглолтууд, хөгжимт театр болон олон тооны дуу бичлэгүүд нь түүний уран бүтээлийн салшгүй хэсэг.

 

Арам, Лувэйн их сургуулийн Урлагийн коллежийг Рафаэлла Смитсийн удирдлага доор төгсөж улмаар тус хүрээлэндээ профессороор ажиллаж байсан.

2012 оноос тэрээр бие даан хөгжимийн зохиол туурвих болсон юм. Арам уран сайхны кино болон олон ангит киноны хөгжим бичиж,  алдарт хөгжмийн  найруулагчид  болох Жан Матис болон Стин Конин нартай хамтран ажилладаг.

Бельгийн Вант Улсын тухай: 

Европ тивийн төвд орших бөгөөд Европын холбоог үндэслэн байгуулагч орнуудын нэг юм. 11 сая хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн 430 тэрбум евро, түүний 80% нь гадаад худалдаанаас ордог. Нийслэл Брюссель хотод  Европын холбоо болон НАТО зэрэг олон улсын байгууллагуудын төвүүд байрладаг. Бизнесийн өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагтай, даяарчлагдсан, судалгаанд суурилсан шинийг санаачлагч их сургуулиудтай дэлхийн хотуудын нэг юм.  Дэлхийн соёлын өв болсон Брюссель, Антверп, Бруж хотууд, түүнчлэн шар айраг, шокалад, алмазын үйлдвэрлэл  нь тус улсыг европын аялал жуулчлалын төв болгодог. 

Монгол Улс болон Бельгийн Вант улс нь сайн харилцаатай бөгөөд цаашид өргөжүүлэх  бүрэн боломжтой. Тус хоёр улс нь Ховд аймаг дахь Баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төвийг хамтран санхүүжүүлж, эмнэлгийн  тоног төхөөрөмжийг дахин шинэчилсэн юм. 

2017 оны эхний 9 сарын байдлаар Бельги улсаас Монгол Улсад нийт 6.8 сая еврогийн тоног төхөөрөмж болон химийн бүтээгдэхүүн экспортлосон бол Монгол Улсаас Бельги улс руу нийт 4.1 сая еврогийн нэхмэл, оёмол  бүтээгдэхүүн экспортложээ. 

 

 

Эх сурвалж: Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит Консулын газар