Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол иргэд Уругвай улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
 

Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Уругвай Улсын Гадаад хэргийн дэд сайд Ариель Бергамино нар хэлэлцээр, баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг "Өнөөдөр Уругвай улстай бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих санамж бичигт гарын үсэг зурлаа. Уругвай улс нь манайхтай маш олон талаар адил төстэй.

Тус улс нь орон зай газар зүйн хувьд маш алслалтай хол боловч манайх шиг 3 сая гаруй хүн амтай, мал аж ахуйн нутаг юм. Бид Уругвай улсын туршлагаас судалж, олон чиглэлээр хамтарч ажиллах боломжтой" гэлээ. 

Хоёр улсын дэд сайд өнөөдөр гарын үсэг зурсан хэлэлцээр, санамж бичиг:

1. Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр:

Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болох бөгөөд Уругвай Улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болох юм.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Гадаад худалдааг эдийн засгийн өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлэн үр ашгийг нь дээшлүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор иргэд зорчих нөхцөлийг сайжруулж, олон улс, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграци болон дэд бүтцийн сүлжээнд хамрагдах үйл явцыг эрчимжүүлж, гадаад худалдааны тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Гадаад харилцааны яам Монгол иргэдээ, тухайлан энгийн паспорт эзэмшигч иргэдийг гадаад улсад аль болох хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих боломжийг бий болгохоор ажиллаж байгаагийн үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулжээ.

Дээрх хэлэлцээр нь хоёр улсын Засгийн газар баталснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

2. Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг:

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт талууд хоорондын улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, талуудын ашиг сонирхолд нийцсэн бүс нутгийн болон олон улсын асуудлыг хэлэлцэх зорилгоор хоёр жилд нэг удаа зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах асуудлыг тусгажээ.