Удирдлагагүй тэнүүчилж байгаа Хятадын сансрын судалгааны станц өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 8:15 цагт дэлхийн агаар мандалд орж ирснийг Хятадын Сансрын Удирдлагын төв мэдээллээ.
Түүний нэвтэрсэн цэг нь Номхон Далайн өмнөд бүсийн төв хэсэгт байгаа ажээ.
Станцын ихэнх хэсэг агаарт шатаж, багахан хэсэг нь далайд унана гэж тооцоолсон байна. Тянгон-1 нэртэй уг станцыг Хятадууд 2011 оны есдүгээр сарын 29-нд хөөргөж байсан юм. Улмаар 2016 оны гуравдугаар сард холбоо тасарсан байна.
Ажиллах хугацаандаа уг станц Хятадын Шэнжоу-8, Шэнжоу-9, Шэнжоу-10 сансрын хөлгүүдтэй залгагдаж, олон судалгааны ажил гүйцэтгэжээ.
Удирдлагагүй болсон 8 тонн жинтэй, автобусны хэмжээтэй станцыг гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд дэлхийд унана гэж тооцоолж байсан ч хаана унахыг нь одоо болтол мэдээгүй байв.
Станцын үлдэгдэл хүн ам суурьшаагүй далайн бүсэд унахаар байгаа тул санаа зовох зүйл байхгүй гэж Бээжингийн албаныхан мэдэгдээд байна.
Номхон далайн өмнөд хэсгийг сансрын хөлгүүдийн "оршуулгын газар" гэдэг бөгөөд ашиглалтаас гарсан хөлгүүдийг энд газардуулдаг юм.
Эх сурвалж: South China Morning Post