Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Аутизмыг таниулах дэлхийн өдөр: Бид юу мэдэж байх ёстой вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүдийн тоо өсч байгаа ч дэлхий даяараа учир шалтгааныг нь одоо хүртэл гэдгийг мэдэхгүй хэвээр л байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 68 хүүхдийн 1 нь аутизмаар оношлогдож байгаа ба хөвгүүд охидоос 4 дахин их оношлогддог. Ийнхүү өдрөөс өдөрт аутимзын эмгэгтэй хүмүүсийн тоо олширч байгаа энэ үед эцэг эх, ах эгч хүн бүр аутизмын тухай мэдээллээ дээшлүүлж, тэднийг ойлгон хайрлаж, хамтдаа урагш тэмүүлэн амьдрах шаардлагатай байна. 

ТЭГВЭЛ АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ? 

 Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшингээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм. 

Аутизм нь MRI, эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь мэргэжлийн сэтгэлзүйч, эмч нарын баг оношилж, оношоо тогтоодог. 

АУТИЗМЫН ШИНЖ ТЭМДГҮҮД ЮУ ВЭ?  

Хүүхэд бүрт өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход хэцүү. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог байна. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан засал авч сайжирдаг. Ингэснээр ирээдүйд нийгэмд бие дааж авч явах чадвартай болно. 

  • Хэлд орохгүй байх
  • Өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах г.м/
  • Хүний нүд рүү тогтож харахгүй байх
  • Зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох
  • Хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх г.м/
  • Нэрээр нь дуудахад харахгүй байх
  • Зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйтэх
  • Давтагдмал хөдөлгөөн хийх  /гараа сэгсрэх, дороо эргэх г.м/
  • Өвдөлт бага мэдрэх /бүдэрч унасан ч уйлахгүй байх г.м/
  • Нойрны хямралтай байх гэх мэт 

АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР ГЭЖ ЮУ ВЭ? 

Дэлхийн Аутизмыг таниулах өдөр буюу жил бүрийн 04-р сарын 02-ныг  НҮБ-с Аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд Аутизмыг таниулах зорилготойгоор санаачлан зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад төрлийн үйл ажиллагаанууд (хандив цуглуулах, алхалт, Light it up Blue гэх мэт) дэлхий даяар сарын турш зохион байгуулагддаг.

МОНГОЛЫН ТУХАЙД...

Монгол улсын хувьд аутизмтай насанд хүрэгсэд, хүүхдүүдийн тоог нарийвчилсан судалгаа байдаггүй ч тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, холбоодуудад бүртгэлтэй хүүхдүүдийн тоо 200 гаруй байна гэсэн баримт бий. 

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 

https://www.facebook.com/Autism.Association.Mongolia/ 

https://www.facebook.com/Autism.Mongolia/

https://www.facebook.com/autismmgl/   

https://www.facebook.com/tengerlegeejuud/?ref=br_rs   зэрэг фэйсбүүк хуудаснуудаас аваарай.  

 

“Тэнгэрлэг ээжүүд” клуб