Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Далай ламын Энэтхэгт дүрвэж ирсний 60 жилийн ой даруухан болж өнгөрөв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Төвдийн шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Ламын Энэтхэг улсад дүрвэж ирсний 60 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн Бямба гарагт Дарамсала хотод болжээ.

“Энэтхэг оронд баярлалаа” нэртэй уг арга хэмжээ уг нь нийслэл Дели хотод болохоор төлөвлөгдсөн байсан боловч сүүлд зүүн хойд бүсийн Дарамсала хэмээх жижиг хотод шилжүүлсэн байна. Энэ хотод Төвдийн цагаачлалын засгийн газар төвлөрдөг юм.

Мөн жил бүрийн ойн баярт Энэтхэгийн төв засгийн газраас өндөр албаны хүмүүс оролцдог байсан бол энэ жил ганцхан хүн ирсэн нь тус улсын соёлын сайд байжээ. Делигээс Дарамсалад шилжүүлэн зохион байгуулсан нь Энэтхэг улсын гадаад бодлогыг хүндэтгэсэн хэрэг гэж Төвдийн албаны хүмүүс хэлсэн байна.

Энэтхэгийн засгийн газар Далай Лам болон Төвдийн цагаачлалын засгийн газарт хандах хандлага өөрчлөгдөөгүй хэвээр гэж байгаа ч Хятадтай харилцах харилцаандаа илүү ач холбогдол өгдөг болсон нь нууц биш юм.

Арга хэмжээний үеэр Далай Лам Энэтхэг, Төвд үндэстнүүд соёлын гүн гүнзгий хэлхээ холбоотойг онцлон хэлээд Төвдүүдийг цаашид улам нэгдэж нягтрах хэрэгтэй байгааг сануулжээ.

1959 оны гуравдугаар сард 23 настай байсан Далай Лам хэсэг хүмүүсийн хамт Энэтхэгт дүрвэж ирсэн юм. Энэ үед Хятадын цэрэг Төвдийг эзлээд байв.

Тухайн үед Энэтхэгийн ерөнхий сайд Жавхарлал Неру Далай Ламыг хүндэтгэлтэй угтан авч, Дарамсалад суурьших газар олгосон юм.

Гэвч өнөөдөр Делигийн эрх баригчид Хятад улстай харилцаагаа сайжруулахын тулд Төвдийн асуудлаас зайгаа барих болоод байгаа.

Тэд Энэтхэг-Төвдийн харилцааг улс төрийн агуулгагүй, харин шашин, соёлын хэлхээ холбоонд суурилдаг гэж тайлбарлаж байгаа юм.

Энэ сарын эхээр Энэтхэгийн засгийн газар Хятадын цэргийн эсрэг Төвдүүдийн бослогын 60 жилийн ойг тэмдэглэхийг хориглосон нь ховор тохиолдол байв.

Энэ долоо хоногт Далай Лам Хятадтай хил залгаа Сикким мужид зочлох гэж байснаа цуцалсан байна. Уг нь Далай Лам Энэтхэгийн дотоод мужуудад чөлөөтэй зорчих эрхтэй байдаг. Түүнийг зүүн хойд Аруначал Прадеш мужид өнгөрсөн онд зорчиход Хятадын тал эсэргүүцэл илэрхийлж байв.

Хэдийгээр Энэтхэгийн эрх баригчдын Төвдүүдэд хандах хандлага суларч байгаа ч цагаачлалын засгийн газрын тэргүүн Лобсан Сангай Хятадын бодлогыг хатуу шүүмжилсэн хэвээр байлаа.

Тэрээр үг хэлэхдээ “Төвдийг Хятадууд хууль бусаар эзлэн түрэмгийлсний 60 жилийн ой бол Төвдийн соёл иргэншил, Төвд үндэстнийг сүйтгэсэн 60 жилийн түүх юм” гээд өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн Энэтхэгийн засгийн газарт талархлаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Reuters