Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн хэрэгт "Эрдэнэт" мөнгө төлөх ёсгүй

С.Ононтуул, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравхан хоногийн дараа УИХ-ын ээлжит хаврын чуулган нээлтээ хийнэ. Ингэснээр энэ удаагийн парламентын нэгэн бүрэн эрхийн хугацаа яг талдаа орж байна. Товчхондоо одоогийн парламент хийгээд олонх болсон нам ямархуу үйл ажиллагаа явуулах, яаж эдийн засгийг удирдах зэрэг улс төрийн дүр зураг нэгэнт гарчээ. Магадгүй үүнээс илүүг хүлээх найдварыг тас цохин ирэх сонгуулийн бэлтгэл ажилдаа улс төрийн намууд орж байна.

Эрдэнэтийг эргүүлж төрд авсан, эсхүл Эрдэнэтийг “барьцаалсан” үйл явцуудын эргэлтээр ирэх жилүүдийн улс төр өрнөх биз ээ. Угаас өнгөрсөн сонгуулийн өмнөх өдөр АН-ын лидер, улсын Ерөнхий сайдын нэг мэдэгдэл л энэ дөрвөн жил хэн нь эрх барихыг шийдчихсэн шүү дээ. Энэ жишгээр ирэх сонгуулиар ч улс төрийн намуудын барьж авах хөзөр нь Эрдэнэт байх болов уу. Үүний нотолгоо нь яг л урьдын жишгээр ямар нэгэн дэглэлттэйгээр чуулганы нээлтийг угтдаг улс төрийн үзэгдлүүд ар араасаа хөвөрч буй нь.

Хамгийн ноцтой нь үнэн худал үл ялгагдах энэ дуулиан шуугианы дунд “Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Жаст группэд баталгаа гаргаж өгсний улмаас тус үйлдвэр 109 сая ам.долларын өрөнд уналаа, хүү торгууль нь өдөр бүр нэмэгдэж байна. 

Тиймээс одоо л Өмнөд Африкийн Стандарт банктай хэлцэл хийж, өр төлбөрийг бололцоот доод хэмжээнд тохиролцох шаардлагатай” гэх суртал ухуулгын шинжтэй яриа. Үүнтэй зэрэгцээд Эрдэнэтийн өрийг Монголын нэгэн компани худалдан авчээ гэх шивнээ сошиал ертөнцөөр түгж буйг ч анзаарахгүй өнгөрүүлж боломгүй. Намуудын, нарийн яривал бүлэглэлүүдийн алга ташин хөгжөөх энэ яриа хэнд ашигтай талаар судлаад үзэхэд ганцхан л хариулт буй.

Тэр нь энэ бүхэн “Монгол Улсад л ашиггүй". Тэр тусмаа Арбитрын шүү-хийн шийдвэрийг гар дээрээ аваагүй байж төлбөр төлөх гэж яарах бүр ч хэрэггүй юм. Учир нь Лондоны Арбитрын шүүхийн шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан боловч өнөөг хүртэл манай улсын эрх бүхий байгууллагууд шийдвэрийн агуулгыг ямар нэгэн хэлбэрээр албан ёсоор нийтэд танилцуулаагүй байгаа. Яагаад энэхүү шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй байхад 109 сая ам.долларыг Стандарт банкинд төлөх тухай яарсан мэдээллүүд ар араасаа хөвөрнө вэ?

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Лондоны арбитрын шүүхийн шийдвэр дээр дурдсанчлан 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан бөгөөд тэнд “Эрдэнэт” үйлдвэрийн төлөх ёстой гэх 51 сая ам.долларын төлбөрийн асуудлыг тусгажээ. Үүнээс хойш бүтэн 1.6 жил өнгөрөхөд энэ шийдвэр учир битүүлэг нууц байдалд байсаар “саяхнаас нийгэмд цацагдахдаа “Эрдэнэт"-ийн төлөх ёстой төлбөрийн дүн бүр 100 сая доллар даваад талийсан гэх айлган сүрдүүлэлт болоод хувирдаг нь сонин шүү.

Тэр ч байтугай Арбитрын шийдвэртэй албан ёсоор танилцаагүй Монгол Улсын Засгийн газар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэх энэ өр, төлбөрийг аль болох хөнгөлөлттэй нөхцөлөөр Стандарт банктай тохирч барагдуулахыг “Эрдэнэт” үйлдвэрт зөвшөөрсөн албан ёсны мэдээлэл цацагдсан. Харин Засгийн газрын энэ шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банктай яриа хэлцэл хийж эхэлсэн эсэх талаар эрх бүхий байгууллагууд ус балгасан мэт чив чимээгүй л байгаа.

Гэхдээ Засгийн газрыг Арбитрын шийдвэртэй албан ёсоор танилцаагүй гэж хардах үндэслэл байгаа бөгөөд энэ нь Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн хоёрхон үгээс харагддаг. Тэрбээр, “Эрдэнэт” үйлдвэрт үүсээд буй нөхцөл байдлын талаар асуулт тавьсан Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдэд хариулт өгөхдөө Стандарт банкнаас зээлийн төлбөр “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар орсон хэмээсэн. Үүнээсээ хэдхэн долоо хоногийн дараа лавлаж асуусан сэтгүүлчийн асуултад “Энэ андуурал болсон.

Зээл биш, “Эрдэнэт”-ийн борлуулалтын төлбөр байсан юм билээ” гэж мэдэн будилсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын энэхүү мэдэн будилсан хоёр өөр байр суурь гэтэл нийгмийн сүлжээгээр аль эрт гал өрдөн “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагуудыг нэгэнт “Цаазын тавцан”-д аваачаад байлаа. Хариуцлагатай албан тушаалтан хариуцлагагүй үг унагааж болдоггүйн ганцхан жишээ энэ.

Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар үйлдвэрийнх нь ашигт үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлөхүйц ийм их хэмжээний өр төлбөрийг “Эрдэнэт" өөрийн эх үүсвэрээр барагдуулах бололцоотой гэж үе, үе мэдэгдэл хийхээс өөр ямар нэг үйлдэл хийхгүй байгаа нь хачирхалтай. Дүгнэн хэлбэл нэг жил зургаан сарын өмнө гарсан гэх Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийн өмнө Монголын Засгийн газар, төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр цагаан тугаа өргөөд аль хэдийн бууж өгчээ.

Гэтэл Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах эрхийг “Эрдэнэт” үйлдвэрт Английн шүүх олгосон баримт байна. Ийм зөвшөөрөл өгөх тохиолдол тун ховор байдаг бөгөөд Арбитрын шийдвэр үндэслэлгүй гарсан байж болох тохиолдолд л ихэвчлэн өгдөг. Гэсэн ч давж заалдахын тулд “Эрдэнэт” үйлдвэрээр 51 сая ам.доллар гаргуулан байршуулах нөхцөлийг Стандарт банк тулгажээ.

Учир нь, 2016 оны зургаадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд өмнөх хувьцаа эзэмшигчид 2012, 2013 онд очих ёстой ногдол ашиг 58 сая ам.долларыг “Монголын Зэс Корпорац”-д хууль бусаар шилжүүлсэн, 40 сая ам.долларын урьдчилгааг Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү шилжүүлсэн зэргээс “Эрдэнэт”-ийн санхүүгийн байдал эрс муудсан гэж Стандарт банк дүгнэж ийм шаардлага тавьжээ. Энэ тухай http://www.bailii.org/ew/cases/EWHC/Comm/2017/1090.html -оос харж болно. Английн дээд шүүх энэ хүсэлтийг хүлээж авалгүй, “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн чадав-хийн баталгаа гарга-сан тохиолдолд 51 сая ам.долларыг байршуулахгүйгээр давж заалдах бололцоотойг журамлажээ.

Гайхалтай нь “Эрдэнэт” үйлдвэр энэхүү алтан боломжийг тухайн үедээ ашигласангүй. Санхүүгийн чадавхаа нотолсон баримтаа ч Лондонд хүргүүлсэнгүй. Яг энэ үед “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн гэх ил далд нууц ноёнтнууд үйлдвэрийн удирдлагад үлэмж нөлөөтэй байсныг сануулъя. Өөрөөр хэлбэл 49 хувийн эзэмшилтэй холбоотой, маргааныг энэхүү өр төлбөрөөр бүрхэгдүүлэх сонирхол 49 хувийн талынханд тэр үед ч байсан, одоо ч байгаа нь илэрхий.

Өнөөдөр хэдийгээр “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаа нь хэвийн, санхүүгийн чадавх боломжийн байгаа гэж тус үйлдвэрийн удирдлагууд мэдэгдэж байгаа ч 109 сая ам.долларын төлбөр бол тоглоом биш. Тэгтэл Монголын тал ямарваа нэг өр төлбөрийг хууль ёсоор барагдуулах эрх зүйн нөхцөл шаардлага огт бүрдээгүй байхад Стандарт банкинд сайн дураараа төлбөр төлөх гээд сонирхогч этгээдүүд адгаад байгаа нь анхаарал татаж байна. Энд хүссэн хүсээгүй “Эрдэнэт”-ийн 49 хувийг тодорхой хугацаанд эзэмшсэн, одоо ч боловсон хүчнийх нь томилгоонд нөлөөтэй хэвээр байгаа хүмүүсийн хатгаас түлхээс тодорхой хэмжээнд үйлчлээд байгаа гэж хардаж болохоор байгаа юм.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн гэх нээнтэгт хөдөлгөөнгүй хөл гар нь тушигдсан эрхмүүд нөгөө 51 хувьтай холбоотой өр төлбөрийг улс төрийн том хөзөр болгон ашиглахыг санаархаж байгаа. Тэдний хувьд “Эрдэнэт” үйлдвэр аль болох хурдан хугацаанд Стандарт банкинд төлбөр хийвэл түүгээр дамжуулан өөрсдийнхөө булхайг бүдгэрүүлэх бололцоотой болох юм. Үүний тулд ч бололцоотой бүх арга хэрэгслийг ашиглаж байгаа бололтой.

Уг нь олон сая ам.долларын төлбөрийг Стандарт банкинд төлөхөөс өөр гарц байгаа юм. Нэгдүгээрт, Лондоны арбитрын шүүхийн шийдвэр болон үндэслэсэн гэрээ нь одоог хүртэл Монголын холбогдох байгууллагуудад, ялангуяа Арбитрын тухай хуулийн дагуу Монгол Улсын шүүхэд ирээгүй байна. Нэгэнт шүүхэд ирээгүй байхад гадаадын арбитрын шийдвэрийг гүйцэтгэх дотоодын процедур эхлэх бололцоогүй. Хоёрдугаарт, 2016 оны Лондоны Арбитрын шийдвэрт тусгагдсан 51 сая ам.долларын төлбөр ямар аргачлалаар 109 сая ам.доллар хүрчихсэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Энэ нь Стандарт банкны дур зоргын тоо юу, хууль зүйн үндэслэлтэй төлбөр үү?

109 сая ам.долларыг төдий хугацаанд төлж барагдуул гэсэн шаардлагыг хэн тавиад байгаа юм? Лондоны Арбитрын шүүх үү, Стандарт банк уу? Эсвэл бүр нөгөөх 49 хувийнхны гар хөлүүд үү? Энэ бүхэнд эхлээд хариулт олох ёстой.

Хэрэв Монголын хууль хяналтын байгууллагуудаар 2013 оноос хойш таван жилийн туршид шалгагдаж байгаа “Жаст групп”-т “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх асуудал хуурамч гэдэг нь хөдөлгөөнгүй тогтоогдвол дээрх төлбөрийн асуудал угаас процессын хувьд Арбитрын шүүхийн харьяаллын асуудал биш, эрүүгийн хэрэг болно. Байдал ингэж эргэвэл сайн дураар их хэмжээний төлбөр төлсөн хуулийн болон улс төрийн хариуцлагыг хэнээс нэхэх болж байна.

Эдгээр зайлшгүй асуултуудад нэг мөр баталгаатай хариулт олоогүй байж “Эрдэнэт” үйлдвэрээс ямар нэг төлбөр яаран хийх боломжгүй нь тов тодорхой байна. Үүнийг алхам тутамдаа шударга ёсыг тунхаглаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарах биз ээ.

Зураг