Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхтөр: Хууль зөрчөөд биш, хуйвалдааны золиос болж ажлаа өглөө

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар аймгийн ИТХ-аас Засаг дарга С.Энхтөрийг огцруулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Уг саналыг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт хүлээн авсан юм. Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөрөөс тодрууллаа.

-Танай аймгийн ИТХ-ын хурлаас таныг хууль зөрчсөн хэмээн үзэж огцруулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Ингээд уг саналыг хүлээж авч, таныг ажлаас тань чөлөөлөх шийдвэрийг гаргачихлаа. Ямар үндэслэлээр таныг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол?

-Аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон тавдугаар хуралдаанаар анх энэ асуудлыг оруулж ирсэн. Гүтгэлгийн шинжтэй, шүүхээр нотлогдож, батлагдаагүй асуудлыг оруулж ирснийг тухайн үед МАН-ын бүлгийн гишүүд дэмжээгүйн улмаас унаж байсан юм. Гэсэн хэдий ч хэлэлцээд шийдвэрлэчихсэн асуудлыг хуйвалдааны аргаар гуравдугаар сарын 12-нд дахин оруулж ирсэн нь тодорхой хүмүүсийн дэмжлэгийг авсан.

Үнэхээр хууль зөрчсөн тухай асуудал ярьж байгаа бол огцруулах үндэслэлийнхээ талаар надаас тайлбар авах ёстой. Гэтэл тийм юм огт болсонгүй. АН-ын бүлгийн 16 төлөөлөгч дээр МАН-ын дөрвөн төлөөлөгч нийт 20 төлөөлөгч хаалттай хуралдсан. 2016 оны ажлын тайланг хэлэлцсэнгүй, огцруулах үндэслэлийнхээ талаар тайлбар авалгүй, хуйвалдааны маягтай шийдвэр гаргаж Ерөнхий сайдад явуулсан байгаа юм. Түүнээс хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ шүүхээр нотлох ёстой. Энд би хууль зөрчөөд чөлөөлөгдөж байгаа асуудал байхгүй.

-Тэгвэл таныг Ерөнхий сайдын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байна гэж үзэж болох уу?

-Ерөнхий сайдын шийдвэр бол үүнээс тусдаа, өөр асуудал. Нэгэнт манай аймгаас огцруулах санал нь оччихсон асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзэн, ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргасан. Үүнийг нь би хүндэтгэлтэй хүлээж авч байна. Ажлаа өгөхөд бэлэн болсон. Ерөнхий сайдын шийдвэрт ямар нэг тайлбар тавих бодол алга. Өөрөөр хэлбэл, намыг дарга, Ерөнхий сайдынхаа шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авч байна.

-Таныг мөн Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн байсан. Өнгөрсөн хугацаанд ямар томоохон ажлыг орон нутагтаа хийсэн бэ?

-Аймагтаа үйлдвэрлэлийг бий болгохын төлөө, эрүүл мэндийн салбар, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргахын төлөө хүн рүүгээ чиглэсэн арга хэмжээг авах гэж болохоос нь болохгүй хүртэл зүтгэлээ. Ингээд тодорхой үйлдвэрийн суурийг тавьсан. Оёдлын үйлдвэр, сав баглаа боодлын болон цагаан идээний үйлдвэр манай аймагт ажиллаж эхэллээ. Түүнчлэн эмнэлгийн салбарт тодорхой ахиц гарсан.

-Тухайлбал?

-Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн шинэчлэлийг хийж, яаралтай түргэн тусламжийн төхөөрөмжийг шинээр оруулж, цахилгаан шаттай болгосон. Мөн элэгний В, С вирусийг шинээр тоолдог, оношилдог лабораторийг орон нутагтаа анх удаа нэвтрүүллээ. Эрдэнэцагаан суманд эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлсэн. Гар утас шиг гэсэн үг л дээ.

Малчид, иргэдийнхээ гэрт очиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Уг нь бүх сумдад нэвтрүүлэхээр зорьж байсан. Гэхдээ ямар ч байсан хоёр жилийн хугацаанд нутагтаа хийхээр бодсон, зорьсон зүйлийнхээ эхлэлийг тавьж чадлаа.

-Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН болон АН-ын бүлгээс адилхан 16 төлөөлөгчтэй. Үүнээс таны халааг авч байгаа Засаг даргад ажлаа хийхэд хүндрэл дахин гарах вий гэсэн болгоомжлол байна. Таныг ажлаас чөлөөлснөөр хоёр намын талцал эцэс болж чадах болов уу?

-Ганц намайг хуйвалдаж, зайлуулснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Суудлын харьцаа тэнцүү байгаа учир АН-ын бүлгийн шахаа шантааж, болзол, нөхцөл байсаар л байна. Ийм нөхцөлд Засаг дарга ажил явуулахад үнэхээр хүнд. Би хоёр жилийн хугацаанд Засаг даргаар ажил хийхэд нэг ч өдөр сэтгэл дүүрэн, итгэл амар ажлаа хийж чадсангүй. Намайг томилогдсон цагаас эхлээд ажил хийлгэхгүй гэсэн АН-ын бүлгийн дайралт явсан.

Намайг харлуулах гэсэн гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн шүү. Дандаа нэр нүүрээ нуусан, нууц хаягнаас гүтгэлэг доромжлолыг олон нийтийн сүлжээнд хоёр жил шахам зохион байгуулалттай явууллаа. Түүний үр дүнд ийм үр дүн гарч байна. Үндсэндээ ажил хийлгэхгүй гэж зорьсон зорилгодоо хүрч байх шиг байна. Ер нь хууль зөрчөөд буруу зүйл хийж огцроогүй, хуйвалдааны золиос болж ажлаа өглөө.

Зураг