Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баатар: Ноос, ноолуурын хил дамнасан арилжаа цахим горимд явагдана

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Хөдөө аж ахуйн бирж" ХХК БНХАУ-ын “Бохай" биржтэй хамтран хил дамнасан арилжаа хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХААБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Баатар "Ноос ноолуур худалдан авдаг томоохон үйлдвэрлэгчид “Бохай"-н биржээр дамжуулан түүхий эд авахаа мэдэгдчихсэн байгаа. Мөн манай үйлдвэрүүд санаачлагатай ажиллаж чадвал ноолуураа угаагаад, самнаад, нэмүү өртөг шингээгээд экспортлох боломж нээгдэж байна.

Хятадын тал угаасан, бага зэрэг самнасан ноолуур авах сонирхолтой байдаг. Харин манай бодлого бол самнаад утас ээрээд зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй Итали, Япон гэх мэт олон оронд гаргахад чиглэж байгаа. Ер нь цаашдаа шууд Европ руу экспортлох боломж гарна гэж найдаж байна.

Хил дамнасан арилжаа /Board cross trading/ буюу хоёр улсын биржийн хамтарсан арилжаа нь цахим горимд явагдах бөгөөд долоо хоногийн таван өдөр арилжаа явагдана. Эхний ээлжинд ноолуур арилжихаар төлөвлөж байгаа. 

Арилжаа дөрөвдүгээр сарын дундаас эхлэх байх. Одоо мэдээллийн технологи, арилжааны журмаа тохиролцох ажлууд хийгдэж байна. 

Малчид маань ганц өрхөөрөө биш хоршоогоороо буюу аль болох их хэмжээгээр ноолуураа нийлүүлэх хэрэгтэй байна. Шууд биржид хандахын давуу тал нь замдаа ченжүүдээр олон дамжихгүй, эцсийн хэрэглэгчдэд өндөр үнээр өгөх юм.

Энэ жилийн хувьд ноолуурын үнэ өнгөрсөн жилээс бага зэргийн өсөлттэй буюу 100,000 орчим төгрөг байгаа" гэв. 

Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийг гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, БНХАУ, Энэтхэг, Иран, Афганистан, ОХУ зэрэг улс байдаг бөгөөд манай улсын хувьд 40 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг. Ноолуурын түүхий эдийн үндсэн шинж чанараараа Монгол, БНХАУ-ын ноолуур хамгийн сайнд тооцогддог байна.

"Хөдөө аж ахуйн бирж" ХХК нь 2017 онд 163 удаагийн спот, нэг удаагийн форвард гэрээний арилжаа зохион байгуулж, 6,955.7 тонн ноолуур, 10,887.6 тонн хонины ноос, 355.5 тонн тэмээний ноос, 1,674.1 тонн ямааны завод ноос, 1,206.7 тонн хонины завод ноос тус тус арилжжээ.