Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Сүмогийн Холбоо Таканоханагийн албан тушаалын зэргийг хоёр шат бууруулж шийтгэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Таканохана ба Такаёошитоши нар хурлын дараа

Японы Сүмогийн Холбоо дэвжээний эзэн Таканоханагийн албан тушаалын зэргийг хоёр шат бууруулах шийтгэлийг өчигдөр оноосон байна.

Түүнийг дэвжээний бөхчүүдийнхээ хүмүүжилд анхаарал тавиагүй, хаврын барилдаанд оролцоогүй гэсэн үндэслэлээр шийтгэжээ.

Сүмогийн Холбооны удирдлага болон экс ёкозуна Таканоханагийн хоорондын зөрчил удаан хугацаанд үргэлжилж байгаа. Токио хотын Рёгоку Кокугикан ордонд цугларсан Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэж, уг шийдвэрийг гаргажээ.

Сүмогийн Холбооны албан тушаалын долоон шатлал байдгийн хамгийн доод шатанд Таканохана очиж байгаа юм. Ингэснээр тэр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 5 шат дараалан буугаад байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүний суудалд өрсөлдөөд ялагдаж байсан Таканохана одоо удирдах зөвлөлийн хуралд ажиглагчаар оролцох ч эрхгүй болж байгаа юм.

Энэ сарын эхээр тэр Харумафүжи, Таканоива нарын зодооны асуудлыг Сүмогийн Холбоо хэрхэн зохицуулсныг шалгуулахаар засгийн газрын коммисст захидал бичсэн нь ил болсон байна.

Саяхан түүний дэвжээний 20 настай бөх, жүрё зиндааны Такаёошитоши Осака хотод болсон хаврын барилдааны үеэр өөрийн дагалдагч бөхийг хувцасны өрөөнд зодсон тухай дуулиан дэгдсэн юм.

Энэ дуулиан гарсны дараа Таканохана засгийн газарт илгээсэн өргөдлөө татаж авсан байна. Өчигдрийн хурлаар Такаёошитоши нэг тэмцээнийг өнжих шийтгэл хүртжээ.

Ийнхүү сүмогийн ертөнцийг тойрсон хэл ам тасрахгүй байгаагийн улмаас Сүмогийн Холбоо үндэсний спортынхоо нэр хүндийг аврахын тулд Таканоханаг хамгийн доод шатны албан тушаалд шилжүүлж байна.

 

Эх сурвалж: Japan Times