Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганболд: "Эрдэнэс Тавантолгой" компанийн үнэлгээ 4.5 тэрбум ам.доллараас өндөр гарах магадлалтай

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг

Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тодорхойлсон. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжаалах талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу саяхан тус компаний төрийн болон иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцааг “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн баланст бүртгэсэн. Хэзээнээс хөрөнгийн зах зээл дээр гарах вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр гаргахын өмнө бэлтгэл ажлууд хийгдэх ёстой. Бэлтгэл ажлыг хийж эхлээд байна. Аль болохоор энэ ондоо дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргах бодолтой байна. Засгийн газраас хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Хувьцааг хоёр дахь зах зээл дээр гаргасан үед хувьцааны нэрлэсэн үнэ савлаж болох бөгөөд үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай .

Тиймээс “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс эрсдэлүүдийг тооцож үзээд аль болохоор ханш савлахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллана. Ямар ч байсан төрийн мэдлийн болон иргэд, аж ахуйн нэгжийн хувьцааг “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн балансан дээрээ бүртгэж баталгаажууллаа. Бид удахгүй иргэдэд төчнөөн ширхэг хувьцаа байна гэдгийг зарлана.

-Хэзээ зарлах вэ?

-Ажлын хэсэг гарчихсан байгаа. Дүгнэлт удахгүй гарна. Ирэх дөрөвдүгээр сараас эхлээд энэ ажил өрнөнө.

-Монгол Улсын иргэд ’’Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг эзэмшиж байгаагийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралд суух эрхтэй юу?

-Хувьцаат компаниуд жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны дотор тайлангаа гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх үүрэгтэй. “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сард хийнэ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь өмнө хуримтлагдсан их хэмжээний өр, төлбөрийг барагдуулсан учраас компанийн үнэлгээ сайжирсан. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийг саналын эрхтэй, эрхгүй гэдгийн тухайд 2010 онд гарсан Засгийн газрын тогтоолоор хувьцаа эзэмшигч иргэдийг саналын эрхгүйгээр тогтоосон байдаг. Гэхдээ иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох бүрэн боломжтой.

-“Эрдэнэс Монгол” компани нээлттэй хувьцаат компани болох боломжтой юу. “Багануур”, “Шивээ овоо” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах сураг байсан?

-“Багануур”, “Шивээ овоо” ХК-ийн хувьцааг нэмэлтээр хөрөнгийн бирж дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Эрдэс баялгийн бирж байгуулна. Бид стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Бидэнд гадаадын зөвлөх томоохон компаниуд тусламж үзүүлж байна. Ингээд бид стратеги төлөвлөгөөгөө боловсруулсны үндсэн дээр нээлттэй хувьцаат компани болох бололцоотой. Одоогоор төрийн мэдлийн хувьцаа эзэмшигч толгой компани хэлбэрээр явж байна.

-“Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн жил хэр ашигтай ажилласан бэ. Энэ жил хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн онд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 482.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол энэ онд 351.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, төсөвт татвар, төлбөр, хураамж, шимтгэл хэлбэрээр 278.7 тэрбум төгрөгийг төлөхөөр төлөвлөсөн.    

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн тухайд 2017 онд баруун Цанхийн уурхайн амнаас нүүрсээ 71.5 ам.доллараар борлуулж эхэлсэн. Зүүн Цанхийн уурхай “Чалко” компанийн өрийг төлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ компани тус онд 1.2 их наяд төгрөгийн цэвэр орлоготой, 461.1 тэрбум тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Харин татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 235.0 тэрбум  төгрөгийг улсад төлсөн.   

-“Эрдэнэс Монгол” компани менежментээ сайжруулж, үнэлгээ хийлгэхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа талаар та илтгэлдээ танилцуулсан. Үнэлгээ хийлгэснээр ямар ач холбогдолтой юм бэ?

-Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд компанийн үйл ажиллагаа, засаглал сайжирна. Үүний хүрээнд охин болон хараат компаниуд болох “Эрдэнэс-Тавантолгой", “Шивээ-Овоо”, “Эрдэнэс-Оюутолгой", “Мон-Атом”, “Багануур”-т бизнесийн үнэлгээ хийнэ. Дэлхийн томоохон чадварлаг компаниуд үнэлгээ хийхээр өрсөлдөж байгаа. Ингээд шалгарсан олон улсын үнэлгээний компани манай охин болон хараат компаниудын бизнесийн үнэлгээг хийх юм. Хоёрдугаарт, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс-Тавантолгой”-д олон улсын чанарын стандарт ISO-r нэвтрүүлж байгаа.

Энэ нь хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгоход ач холбогдолтой. Мөн ордын үнэлгээг эхлүүлнэ. Цаашлаад гадаадын зах зээл дээрээс хөрөнгө татах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ер нь компанийн үнэлгээ 4.5 тэрбум ам.доллараас өндөр гарах магадлалтай. 

-Багануурын уурхайд лицензийн маргаан үүсээд байгаа. Тус уурхай “Алтайн гянт” гэх компанийн мэдэлд очих эрсдэлтэй байгаа шүү дээ. Энэ асуудал юу болж байгаа вэ. Дээрээс нь Багануурын уурхай маш их өртэй юм билээ. Үүнийг толгой компанийн зүгээс хэрхэн шийдвэрлэх вэ?

-АМГ-тай лицензийн асуудлыг ярьж байгаа. Зөв зүйтэй шийдвэр гарах байх гэж бид найдаж байна. Ингээд маргааны асуудал шүүхээр шийдэгдсэний дараа Засгийн газрын 100-р тогтоолыг хэрэгжүүлж, хөрөнгө босгож, Багануурын уурхай дээр үүссэн хүндрэлтэй асуудлуудыг шийднэ.

Дашрамд дурдахад, “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс “Багануур” ХК-д учирч байгаа санхүүгийн хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх талаар томоохон хэмжээний судалгаа хийж, дүгнэлт гаргасан. Энэ дагуу зардал хэмнэх, бүтэц орон тоог оновчтой тогтоох ажлуудыг хийж эхэлж байна.

-“Шивээ-Овоо” компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Энэ компанийн хувьд нөхцөл байдал гайгүй байна. Өмнө дурдсан “Багануур” ХК-иас гадна мөн “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн байдлыг судлах ажлын хэсэг гаргаж, дүгнэлт гаргуулсан. Үйл ажиллагаа, удирдлага, технологийг сайжруулах тал дээр анхаарна. 2020 гэхэд үйл ажиллагаа нь тогтворжино гэж найдаж байгаа. Төлөвлөгөөг дөрөвдүгээр сараас эхлээд хэрэгжүүлээд явна.

-Ер нь төр уул уурхайн олборлох үйл ажиллагаанд хэрхэн оролцох ёстой байдаг юм бэ. Хувь эзэмших нь зөв үү. Монголын төр “Оюутолгой”-н 34, “Эрдэнэс-Тавантолгой”-н 80 хувийг эзэмшдэг шүү дээ?

-Засаглалын талаар дэлхийн хэмжээнд корпораци, холдинг компаниудыг судалж үзэж байгаа. Үүн дээр хоёр зүйлийг хэлье. Сингапурын томоохон уул уурхайн компаниуд хуулиараа хамгаалагдсан байдаг. Гэтэл манайд засаглал яривал хуулиуд нь зөрчилдөөд эхэлнэ. Хоёрдугаарт, орлогын удирдлага асуудалтай. Үүнд бусад орнууд бие даасан бодлоготой байдаг.

Монгол улсын эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийн төлөөлөл зайлшгүй байх ёстой бөгөөд үүний эзэмшил хувь хэмжээг УИХ, Засгийн газраас тогтоож өгдөг.

-“Эрдэнэс Монгол” компани дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Бидэнд хөрөнгө татах шаардлага бий. Хөгжлийн банк Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээдэг. Харин “Эрдэнэс Монгол” компани томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд хамтарсан үйл ажиллагаагаа явуулах шаардлага бий болсон. Хөгжлийн банктай хамтран хөрөнгө босгох талаар судалгаа, яриа, хэлцлүүдээ хийж эхэлсэн. Гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгож, хөрөнгө оруулалтын нэг, хоёр, гурав, дөрөв гээд сан байгуулна.

Нэг нь уул уурхай, эрчим хүч, зам тээвэр. Хоёр дахь сан нь ЖДҮ-ийг хөгжүүлэх, Гурав дахь сан бол газар тариалан, мал аж ахуй, дөрөв дэх нь сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, тээвэр, хог хаягдал зэргийг хамруулсан ногоон хөгжлийн сан. Энэ 4 санг байгуулахаар зорин ажиллаж байна. Төслүүд нь байна. Хэрэгжүүлэх баг бүрэлдэхүүн менежмент нь байгаа. Хөгжлийн банкны хувьд хөрөнгө оруулалтын санд ойрын жилүүдэд 1.5 тэрбум ам.доллар татах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарч байна.

Бид 2018-2022 онд “Эрдэнэс-Тавантолгой”-н олборлолтыг нэмэгдүүлэх, “Шивээ-Овоо”-г түшиглэсэн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх, алт олборлолт, газрын ховор элементийн чиглэлээр охин компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, Гашуунсухайтын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, авто зам, төмөр замын дэд бүтцийг байгуулах зэрэг ажлуудын хийхээр төлөвлөж байна.

-Өнгөрсөн жилийн долоодугаар сараас эхлээд Гашуунсухайт чиглэлийн авто замын гаралт муудсан. Энэ орлогод хэр нөлөөлж байна вэ?

-Хилээр хэр хэмжээний нүүрстэй машин гарч байна тэр хэмжээгээр манай экспорт нэмэгдэнэ гэсэн үг. Ямар ч байсан бага багаар сайжирч байгаа. Үүн дээр боомтын үндэсний зөвлөл, Засгийн газар болон холбогдох компаниуд, яам, тамгын газрууд ихээхэн анхаарал хандуулаад явж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын Хятадад айлчлах уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөх байх.

 

Зураг