Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ Хойд Солонгосын удирдагчтай зургаадугаар сард уулзаж магадгүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газар Хойд Солонгосын талд дээд хэмжээний уулзалт хийх саналаа хүргүүлж, Пёньяны тал боломжийг судалж байгаа тухай Асахи Шимбун сонин өнөөдөр мэдээлжээ.

Шинзо Абэгийн саналыг Япон дахь Хойд Солонгосын албан бус төлөөлөгчийн газар гэгддэг Солонгос Иргэдийн Холбоо-Чонрёноор дамжуулж Пёньянд хүргүүлсэн гэнэ.

Ким Жон Унтай уулзах дэлхийн удирдагчдын дараалал ерөнхийдөө тодроод байна. Гуравдугаар сард тэр Хятадын төрийн тэргүүнтэй уулзсан бол дөрөвдүгээр сард Өмнөд Солонгос, тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах гэж байгаа.

Эдгээр уулзалтын дараа Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах бололтой. Асахи сонинд бичсэнээр Хойд Солонгосын тал АНУ-ыг аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх гол тал гэж үзэж байгаа бол Японыг эдийн засгийн асуудлаар хэлэлцэх тал гэж харж байгаа гэнэ.

Тиймээс Японоос их хэмжээний санхүүгийн туслалцаа авах зорилгоор удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах сонирхол Пёньянд байгаа ажээ. Тодруулбал $20-$50 тэрбумын санхүүгийн тусламж авснаар хоёр орны харилцааг хэвийн түвшинд хүргэнэ гэж тооцоолж байгааг эх сурвалж мэдээлжээ.

Харин Японы талаас хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг бүрмөсөн шийдэх зорилготой нь тодорхой болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun