Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Далай лам НҮҮДЭЛЛЭХ ҮҮ

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг
Далай лам

Төвдийн оюун санааны удирдагч Далай ламын Дарамсалад суурьшсаны 60 жилийн ой ирэх онд тохионо. Далай ламыг анх Энэтхэгийн газар нутагт хөл тавих үед тухайн үеийн Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру түүнд болон дагалдан ирсэн төвдүүдэд Дарамсалад 50 жилийн хугацаатай амьдран суух эрх олгосон. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд 50 жилийн хугацаанд бүх асуудал шийдэгдчихнэ гэж тооцоолсон ч өнгөрсөн хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй.

Ерөнхий сайд Неругийн Далай ламд олгосон 50 жилийн хугацаа өнгөрсөн 2009 онд дууссан ч өнөөг хүртэл Энэтхэгийн Засгийн газраас тодорхой хариу шийдвэр гаргаагүй байгаа. Энэтхэгийн Засгийн газар гэрээний хугацааг онцлон авч үзэхгүй байгаа шалтгаан нь тус улсын зөөлөн хүчний бодлоготой холбон ажиглагчид тайлбарладаг. Нөгөө талаас энэтхэгчүүдэд Хятадтай Далай ламаас болж илт сөргөөцөлдөх ч сонирхол байхгүй. Учир нь өнөөдрийн Хятад Улс 1960-аад оны Хятадаас хэд дахин илүү хүчтэй болсон. Саяхан Төвдийн Цагаачлалын албанаас шашны тэргүүн Далай ламын хойд дүрийг тодруулах хэлэлцэх уулзалт энэ онд болно гэдгийг мэдэгдсэн.

Мөн хойд дүрийг ирэх жилд багтаан тодруулна гэдгийг мэдэгдээд буй. Энэ онд 83 насыг зооглож байгаа Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явц дэлхий дахины анхаарлын төвд ороод байна. Далай ламын хойд дүрийг тодруулах явцад Бээжингийн эрх баригчид нөлөөлөхөөс төвдүүд ихэд болгоомжилж байгаа юм. Олон зууны турш хойд дүрийг нь нас барсных нь дараа тодруулдаг байсан. Харин энэ удаа уламжлалыг эвдэж одоогийн Далай ламыг амьд сэрүүн байхад залгамжлагчийг нь тодруулах юм.

Хэрвээ нас барсных нь дараа тодруулбал Хятадын тал өөрийн хүнийг хойд дүрээр зарлаж, Төвдийн шашны хэргийг гартаа оруулах магадлалтай аж. Тухайлбал 1989 онд Панчен ламыг нас барахад Хятадын Засгийн газар арваннэгдүгээр Панчен ламыг өөрсдөө зарлаж байв. Сүүлийн жилүүдэд Бээжин шашны хутагт хувилгаадыг тодруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болоод байгаа. Далай лам “Одоо ирээдүйн Далай ламын талаар нухацтай ярилцах цаг ирсэн. Төвдөөс Далай ламыг сонгох албагүй.

Миний залгамжлагч улс төрд огт хамаагүй хүн байх болно” гээд түүний шашин номын нөлөөллийн хүрээнд Хималайн хойд нутаг (Энэтхэг), Монгол багтдагийг сануулсан юм. Тэрбээр Хятадын эрх баригчдыг дараагийн Далай ламын үйл хэрэгт санаа зовох хэрэггүй гэдгийг энэ мэтээр илэрхийлээд буй. Харин Далай ламын Монголд сүүлд өнгөрсөн 2016 онд хийсэн айлчлал болон гурав, дөрөв дэх Далай лам нарын түүхийг бодолцон Монголоос тодрох магадлал өндөр гэх таамгийг судлаачид дэвшүүлээд байгаа. Өнгөрсөн 2016 онд түүнийг айлчлахтай холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, хоёр улсын цаашдын харилцааны төлөө Далай ламын айлчлалыг цуцлахыг шаардсан.

Түүнчлэн Далай ламд виз олгосон Япон Улсад суугаа Монголын Элчин сайдын яамны консулын ажилтан ажлаасаа халагдсан. Тухайн үед Элчин сайд нь виз өгч болохгүй гэх даалгавар өгсөн ч, ажилтан нь дур мэдэн виз олгосон хэмээж байв. Ерөнхийдөө өнгөрсөн удаагийн Далай ламын айлчлал Монгол, Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ өмнө нь ч гэсэн БНХАУ Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор хоёр ч удаа хоёр улсын харилцаанд цав сууж байсан удаатай.

Тухайлбал, 2002 онд хилээ хааж байсан бол 2006 онд Бээжингээс Улаанбаатар руу хийх нислэгийг цуцалж байсан юм. Гэхдээ нөгөө талаас Хятадын эдийн засаг ноёрхдогийг харгалзан үзэх аваас Монголд хойд дүр тодрох магадлал хомс гэж үзэх нь ч бий. БНХАУ нь Далай ламыг төрөл арилжихаас өмнө, хойд дүр тодруулах маргашгүй эрхтэйгээ батлах зорилгоор, Засгийн газрын баталгаатай хойд дүрүүдийн талаарх онлайн өгөгдлийн сан өнгөрсөн онд үүсгэсэн гэх мэдээлэл нэг хэсэг цацагдсан.

Далай лам болон Хятадын Засгийн газар хоорондын албан ёсны яриа хэлэлцээрт 2001 онд ахиц гарсан хэдий ч өнөөг хүртэл тодорхой өөрчлөлт орсонгүй. Хятадын тал Далай ламыг Төвдөд буцаан ирүүлэхээс илүүтэйгээр Дарамсалад насан эцэслэхийг нь хүлээж буй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ үнэхээр Далай ламын дараагийн дүр Монголоос тодорвол энэ үйл явдал нь Монголд таагүй үр дагавар авчирч болох юм гэж үзэх шинжээчид байгаа бол нөгөө талаас Монгол Хятадын харилцаанд таагүй нөлөө үзүүлж болох эмзэг асуудал учир монголчууд төдийлөн хүчлэхгүй байх гэх дүгнэлтийг олон орны судлаачид хийж байна.

Монгол Улс Төвдийг бодвол харьцангуй тайван, эрх чөлөөт орон. Гэвч геополитикийн тогтолцоогоороо Хятадаас хамааралтай байдаг. Зарим хүмүүс Далай ламыг нас барсны дараа Төвдийн асуудал нам жим болно гэж байгаа ч дэлхийн зарим хэвлэлүүд Төвд, Хятадын харилцаа улам хурцадна хэмээцгээж байна. Учир нь Далай лам бол Дэлхийн энхтайвны бэлгэ тэмдэг, шарын шашны тэргүүн юм. Түүний хойд дүр тодрох асуудал нь зөвхөн Хятад, Төвдийн асуудал биш. Дараачийн Далай ламыг хаанаас, хэн тодруулах, хятадууд энэ асуудлаар ямар байр суурь баримтлах вэ гэдэг нь дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.

Үүнтэй холбогдуулан Хятадын Засгийн газраас Далай ламтай хийж буй эвийн хэлэлцээгээ гүнзгийрүүлж Төвдөд Далай ламын хүсээд байгаа шиг өргөн автономит эрх олгох, түүнийг Төвдийн шашны тэргүүний эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, цагаачлан гарсан төвдүүдэд уучлал үзүүлж, тэдэнд Далай ламын хамт эх орондоо эргэн ирж амьдрах эрх олгох арга замыг эрж хайх. Хэрэв асуудал ингэж шийдвэрлэгдвэл Далай ламын хойд дүрийг уламжлалт зан заншлын дагуу Төвдөөс тодруулах бололцоо нээгдэж болох юм гэж нэг хэсэг судлаачид үзэж байна.

Эсвэл Хятадын Засгийн газраас Энэтхэгт амьдарч буй Далай ламын дэлхийн бурхны шашинтнуудын тэргүүн гэдгийг нь Төвдийн Цагаачлалын Засгийн газрыг татан буулгах болзолтойгоор хүлээн зөвшөөрөх. Хэрэв асуудал ингэж шийдвэрлэгдвэл дээрхийн адил Далай ламын хойд дүрийг уламжлалт зан заншлын дагуу Төвдээс тодруулах бололцоо нээгдэхийн зэрэгцээ Төвдийн бурхны шашинтнуудад Дармасалад очиж Далай ламтай уулзах, түүнд мөргөх бололцоотой болох юм гэж өөр нэг хэсэг судлаачид харж байна.

Далай лам нэгэнтээ “Миний хойд дүр яаж тодрохоос Төвдийн цаашдын хувь заяа хамаарна” гэж хэлсэн байдаг. Гэхдээ түүний хойд дүр хаанаас тодрохоос шалтгаалж, Далай ламын хувь заяа ч хамаарах магадлалтай юм. Учир нь Далай ламын хойд дүр Энэтхэг эсвэл Төвдөөс өөр газраас тодорсон тохиолдолд Энэтхэгийн Засгийн газар Далай ламыг цаашид Дарамсалад суурьшуулсаар байх уу гэдэг сонирхолтой. Магадгүй Далай лам нүүдэллэх ч шаардлага гарч болох юм. Тэр дундаа X Богд Монголоос тодорвол...

1950-ИАД ОНЫ ДУНД ҮЕЭС ТӨВДӨД

Хятадын эсрэг хөдөлгөөн эхлэн 1959 онд зэвсэгт бослого болон хувирсан юм. Хятадын эрх баригчид бослогыг цэргийн хүчээр дарсан.

1959 ОНЫ ГУРАВДУГААР САРД

Далай лам Энэтхэгт дүрвэн гараад өнөөг хүртэл Энэтхэг, Хятадын хилийн ойролцоох Дарамсала хотод амьдарч байгаа билээ.

80 МЯНГА

Далай ламыг даган Төвдийн бурхны шашинтнуудын оюун санааны гол удирдагчид буюу элитүүд дүрвэсэн гэхэд хилсдэхгүй. Тухайн үед хамгийн эрдэм номтойд тооцогдож байсан болон гол хийд, дацангийн тэргүүн лам нар бүхий 80 мянга орчим төвд хүн бурхны шашнаа хадгалан хамгаалах гэсэн үзэл санааны дор Далай ламын амьдарч байгаа нутагт дүрвэн ирж суурьшсан байна. Эдгээр хамтран зүтгэгчид нь нөгөө талаасаа түүний улс төрийн үзэл баримтлалыг дэмжигчид, Төвдийг Хятадаас тусгаар улс байхын төлөө тэмцэгчид учир үнэн чанартаа улс төрийн дүрвэгсэд байсан юм.

ЗУРГААН САЯ

Төвдийн эх нутагт олон зүйлс эрс өөрчлөгдсөн. Хятадын түрэмгийллээс өмнө Далай ламын удирдаж байсан нутгийг автономит нутаг болгосон. Үүнээс гадна зургаан сая төвд иргэн Хятадын бусад мужуудад амьдарч байна.

Зураг