Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Х.Андерсений нэрэмжит хүүхдийн шилдэг зохиолч, зураачид тодорлоо

Э.Мөнхзаяа
2018 оны 3 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Болонийн хүүхдийн номын яармагийн үеэр дэлхийн хүүхдийн уран зохиолын салбар дахь хамгийн том шагнал болох Ханс Христиан Андерсений нэрэмжит шагналын эздийг зарлалаа.

Шагналыг зохиолч, зураач гэсэн хоёр номинациар гардуулдаг бөгөөд зохиолчдын ангилалд Франц, Иран, Япон, Шинэ Зеланд, Швед гэсэн таван зохиолч, зураачдын номинацид зургаан хүн нэр дэвшсэн байна. Ингээд зураачийн номинацийн шагналыг Оросын зураач Игорь Олейников хүртэж, шилдэг хүүхдийн зохиолчоор Японы хүүхдийн зохиолчоор Эйко Кадоно тодорсон байна.

Игорь Олейников амжилтынхаа нууцыг сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Би уншигчдад биш, өөртөө зориулан зурдаг” хэмээжээ.

Харин найруулагч Хаяо Миязакигийн “Кикагийн хүргэлтийн алба” анимэйшн киног зохиосон, Японы зохиолч Эйко Каданог “Японы уран зохиолын сонгодог төлөөлөгч. Тэрбээр шулмын тухай номоороо илүү алдартай. Америкт болон дэлхий даяар маш их нэр хүндтэй зохиолч юм”хэмээн шүүгчид мэдэгджээ.

Хүүхдийн нэрт зохиолч Х.Х.Андерсений нэрэмжит шагнал, дипломыг ялагчид ирэх есдүгээр сард Афин хотноо болох Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн 36 дугаар конгрессын үеэр гардан авах юм байна.

Х.Х.Андерсений нэрэмжит шагналын тухай

Данийн нэрт хүүхдийн зохиолч Х.Х.Андерсений нэрэмжит шагнал нь дэлхийн шилдэг хүүхдийн зохиолч, уран сайхны зураачид олгодог утга зохиолын шагнал юм. Уг шагналыг ЮНЕСКО-гийн Олон улсын хүүхэд, залуучуудын утга зохиолын зөвлөлөөс 1956 онд анх санаачилсан бөгөөд хоёр жилд нэг удаа олгодог.

Шагналыг ихэвчлэн дөрөвдүгээр сарын 2-нд буюу Ханс Христиан Андерсений мэндэлсэн өдөр олгодог аж. Олон улсын зөвлөлийн санаачилгаар Х.Х.Андерсенийг гүнээ хүндэтгэн хайр, талархлаа илэрхийлж, 1967 онд дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр тэмдэглэж байхаар тогтсон билээ.

Хүүхдийн зохиолчдын хувьд энэхүү шагнал нь олон улсын нэр хүндтэй шагнал бөгөөд “Бага Нобелийн шагнал” ч хэмээн нэрийддэг байна. Шагналыг зөвхөн одоо амьд байгаа зохиолч, зураачдад олгодог.

Шагналыг олгох санаачилгыг хамгийн анх Елле Лепман (1891-1970) хэмээх дэлхийн хүүхдийн утга зохиоЛын салбар дахь соёлын зүтгэлтэн гаргасан байдаг. Түүний хэлсэн “Хүүхдүүдэд минь ном өгч, тэдэнд жигүүр хайрла" гэсэн эшлэл хүртэл байдаг билээ.

Энэ жил Х.Х.Андерсений нэрэмжит шагналын шүүгчээр Японы Яско Дой, Испанийн Рейна Дуарте, Словенийн Андрей Илк, Грекийн Ева Калисками, Ливаны Шерин Крейди, Оросын Денис Безносов, Венесуэлийн Мария Беатрис Медина, Египетийн Ясмин Мотави, Аргентины Лола Рубио, АНУ-ын Жунко Йокота нар орсон байна.

Нэр дэвшигчдэд тавьсан шалгуурт бүтээлийн гоо зүй болон уран зохиолын чанар, түүнчлэн шинэлэг байдал, хүүхдийн нүдээр харах чадвар, хүүхдийн сонирхлыг өдөөх чадвар зэрэг оржээ.

Эйко Кадоно

 

Эйко Кадоно 1935 онд Токио хотод төржээ. Дөрвөн настай байхад нь ээж нь нас барсан байна. Тэрбээр хүүхэд байхдаа зуны О-Бон хэмээх баяр болохыг тэсэн ядан хүлээдэг байжээ. Энэхүү баяраар япончууд гэртээ өвөг дээдсийнхээ сүнсийг урьж, нас барагсдад хүндэтгэл үзүүлдэг. Баярын уеэр охин эцгийгээ өвөрмөц ёс үйлдэж байгааг сонорхонгүй ажигладаг байжээ. Эцэг нь хүж барин “Хүндэт өвөг дээдэс минь. Энэ жил бид босгоо зассан. Илүү өндөр болсон байгаа. Тээглэхгүй ороорой” гэх буюу “Бид энэ жил гэрийнхээ тавилгыг өөрчлөн зассан. Та бүхнийг зочлох үеэр саад болохгүй гэж найдаж байна" хэмээн зөөлхөн ярьдаг байжээ.

Энэ баярын талаар Эйко Кадоно “Жаахан байхдаа би энэ баяраар ээжийгээ харна гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй байсан. Түүнийг зочлон ирсэн гэж боддог байлаа. Энэхүү үл харагдах ертөнц үргэлж надтай зэрэгцэн байсан. Тэгээд тэрхүү ертөнц нь бидний энгийн ертөнцтэй салшгүй холбоотой, энх амгалан байдлаар оршин тогтнодог” хэмээн дурсжээ.

1989 онд дэлгэцнээ гарч, Японы үзэгч, шүүмжлэгчдийн хайр талархлыг хүлээсэн “Шулмын хүргэлтийн алба" киног хүмүүс найруулагч Хаяо Миязакигийнх гэдгийг мэднэ. Харин уг киноны зохиолыг Японы зохиолч Эйко Кадоногийн туужаар хийсэн гэдгийг бараг мэдэхгүй.

Хүүхдийн зохиолчдын хүүхэд насны дурсамж уран бүтээлийнх нь гол түлхүүр болдог гэлцдэг. Эндээс л Эйко Кадоно санаа авч бичиж эхэлсэн бололтой.

Эйко Кадоно нийтдээ 250 гаруй ном бичжээ. Үүнээс заримыг нь англи, франц, итали, норвеги, швед, хятад, солонгос хэлнээ хөрвүүлсэн байна.

Игорь Олейников

 

Игорь Олейников 1953 оны нэгдүгээр сарын 4-нд Москва мужийн Люберцы хотод төржээ. 1979 онд “Союзмультфильм” кино студид уран сайхны найруулагчийн туслахаар ажилд орж, хэсэг хугацааны дараа уран сайхны найруулагч болжээ. 1991-2000 онд Оросын ВВС-гийн салбар “Кристмас Филмз” студид ажилд орсон байна. 1986 оноос хүүхэлдэйн киноны ажилтай зэрэгцээд хүүхдийн “Миша”, “Трамвай”, “Куча-мала", “Сезам гудамж", “Бөмбөлөг аянга", “Тавтай нойрсоорой хүүхдүүд ээ” зэрэг сэтгүүлүүд, хэвлэлийн газруудтай хамтран ажиллажээ.

2001 оноос Канад,“ АНУ, Бельги, Швейцар, Итали, Солонгос, Тайван, Японы хэвлэлийн газруудад номын зураг нийлүүлдэг болжээ. Орос, Литва, Эстон, Герман, Тайванд номын үзэсгэлэн гаргаж, “BIB” Братиславын бьенналд шалгарч байв. Ээж нь зураач байсан тул багаасаа зурах сонирхлыг нь дэмжиж ирсэн гэдэг.

Игорь Олейников “Бүх зураач хүссэн ч, эс хүссэн ч өөрөөсөө эхэлж зурдаг.

Надад надтай адилхан баатар олон бий. "Улбар шар тэмээ”-нд л гэхэд зураач гэж байдаг. Би өөрийгөө зурсан гэдгээ нуухгүй” хэмээжээ.

Түүний бүтээлүүдээс дурдвал

  • "Венецийн худалдаачны эрдэнэс”,
  • “Барон Мянгуужингийн адал явдал”(1999), 
  • “Алиса гайхамшгийн оронд” (1999),
  •  “Шар чемоданы адал явдал” (2000), “
  • Хоббит" (2000) зэрэг багтжээ.
Зураг