Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сауле: Малчид шүлхийтэй малаа нуудаг болсон байна

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж. Саулегээс шүлхий өвчний талаар тодрууллаа.

-2010 онд зүүн аймгуудад шүлхий өвчин гарах үеэр та голомт дээр ажиллаж, арга хэмжээ авч байсан. Харин энэ удаагийн өвчлөл тарх-саар ихэнх аймагт өвчин гарчихлаа. Яг юунаас болж ийм байдалд хүрчих вэ?

-2010 онд зүүн аймагт шүлхий өвчин гарч бүхэлд нь гамшиг зарлан, бид 70 хоногт өвчлөлийг барьсан. Харин 2016 онд дахин дад сайдаар ажиллаж эхлэхэд мал эмнэлгийн тогтолцоо их алдагдсан байна лээ. Манай улс дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуул-лагын гишүүн орон. Тус байгууллагаас стандартын дагуу шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд устгах гэсэн зааварчилгаа өгдөг.

Гэвч 2012-2016 оны хооронд журам гаргаж, үүнийхээ дагуу зарим малыг устгаагүй. Энэ нь замаа алдаад ийм байдалд хүрч байна. Мөн хорио цээрийн дэглэмийг зөв сахиулж чадах-гүй нэг хялгас наалдсан бол эрүүл айлд ч халддаг ийм аюултай өвчин. Хамгийн гол нь зургаадугаар сарын 1-нээс Малын эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр мал эмнэлэг төрийн мэдэлд очно. Мал эмнэлгийн салбарын тогтолцоог шинэчилснээр нэлээд өөрчлөлт гарах байх.

-Та сая хялгасаар ч дамжих боломжтой гэлээ. Гэтэл ард иргэдийн дунд зүүн аймгаас бэлтгэсэн өвснөөс өвчин халдварлалаа гэдэг яриа яваад байна. Үнэхээр ийм байх боломжтой юм уу?

-Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид шүүмжлэхээс илүү яаж зогсоох вэ гэдэгт гол асуудал нь байна. Мөн малчдын хариуцлагын асуудал яригдана. Малчид сүүлийн үед шүлхийтэй малаа нуудаг болсон. Түүнээс гадна манай эмийн бүртгэлд байхгүй эм авчирч өөрсдөө дур мэдэн тарьдаг болоод байна. Ийм учраас энэ өвчин даамжраад байна. Түүнээс төр шүлхий өвчинтэй тэмцэхгүй байгаа юм биш чадлынхаа хэрээр тэмцэж байгаа.

Энэ өвчин нь зөвхөн ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын ажил биш, төрийн байгууллага хамтаараа тэмцэх ёстой ажил. Тиймээс Зөрчлийн тухай хуульд малчдын хариуцлагын тухай заалтыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Түүнчлэн Хятад, Орос Улсын хилийн боомтоор автомашинууд чөлөөтэй нэвтэрч байна. Олон улсад бол тээврийн хэрэгслийг бүхэлд нь утдаг. Харин бид үүнийг өөрсдийн боломжоороо буюу дугуйг нь ариутгаж нэвтрүүлж байна.

Ер нь манай хоёр хөршид ч гарсан хил дамнасан өвчин болоод байна. Учир нь манайд гарч байгаагүй хэв шинж илэрч байгаа. Өмнө нь А хэвшлийн шүлхий гардаг байсан бол одоо О хэвшлийн шүлхий гарч байгаа. О хэвшил нь олон янз байдаг. Үүнийгээ дагаад вакцин хүртэл өөрчлөгддөг.

-Сонгинохайрхан дүүрэгт шүлхий гарсан гэдэг мэдээлэл байна. Үнэн үү?

-Тус дүүрэгт шүлхий өвчин гарсан байж болзошгүй гэдэг асуудлыг ярьж байна. Одоогоор тогтоогдоогүй байгаа. Үндсэндээ ийм байдалд хүрсэн нь хариуцлагагүйн зуд юм. Жишээ нь, нэг аймгийн газрын дарга голомттой бүсээр явж ирчхээд өөрийнхөө аймагт шүлхий тараачхаж байна. Энэ нь өөрөө хариуцлагын асуудал. Тиймээс ийм хариуцлага алдсан хүмүүстэй манай яам хариуцлага тооцно.

Зураг