Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Алибаба, Форд компаниуд автомашин худалддаг автомат машин ажиллуулж эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын онлайн худалдааны Алибаба, АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд компаниуд хамтран өөрөө өөртөө үйлчилдэг автомат машиныг өмнөд Хятадын Гуанжоу хотод босгожээ.

Тодруулбал автомашиныг яг ундаа худалдаж авдаг шиг хүний оролцоогүй автомат машинаас худалдаж авч болно гэсэн үг.

Таван давхар өндөртэй нэг ийм машинд Фордын загвар бүрийн 42 автомашин багтах юм. Алибабагийн Tmall онлайн дэлгүүрийн найдвартай үйлчлүүлэгчид уг машинаас 10 минутын дотор Мустанг, Эксплорер зэрэг Фордын загваруудыг худалдан авч чадах гэнэ.

Ингэхийн тулд Tmall-ийн гар утасны аппликэшн дотроос загварыг сонгоод өөрийн нүүрийг таниулах юм. Үүний дараа автомат машин дээр очиж, өөрийгөө мөн гэдгийг баталснаар сонгосон загвараа авах юм байна.

 

Уг автомат машиныг ирэх Даваа гарагаас дөрөвдүгээр сарын 23 хүртэл нийтэд нээлттэй үзүүлж, хэрэглүүлэхээр болжээ. Ижил машиныг Бээжин, Ханжоу хотуудад байгуулахаар төлөвлөсөн байна.

Алибаба, Форд компаниуд гурван жилийн хугацаанд Хятадын зах зээлд хамтран ажиллах гэрээг өнгөрсөн арванхоёрдугаар сард байгуулсан юм. Зорилго нь Tmall платформыг ашиглан автомашин худалдаалах шинэ арга замуудыг туршиж нэвтрүүлэх байв.

Алибаба анх удаа автомашин онлайнаар зарж байгаа нь энэ биш. Тэд 2016 онд нэгэн түргэвчилсэн худалдааны үеэр 100 ширхэг Масерати автомашиныг 18 секундын дотор зарж байсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post