Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагважав: Татвар төлчихөөд шоронд явдаг системийг бид халах гэж оролдож байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Эдийн Засгийн Чуулган "Татварын хуулийн шинэчлэл" нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав "Хоёрдугаар сарын байдлаар 200 тэрбумаар татварын орлого биелсэн. Татварын хуульд шинэчлэл хийснээр эдийн засгийн өсөлт авчирна. Төсвийн алдагдал 2.4 их наяд байгаа. Татварын реформын дараа аж ахуй нэгждээ эрх чөлөө өгснөөр гадаад болон дотоодын эдийн засгийн бүх нөөц боломж тэдний өмнө нээгдэнэ. 

Гурван тулгуурт бодлогын нэг нь татварын хуулиар хэрэгжинэ. Татварын хуулийг дагаж 38 журам гарна. Татварын хуулийг УИХ баталвал 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиас шударга ёс, ил тод байдлыг хүлээж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд татварын бааз суурь хоёр дахин нэмэгдсэн. Татварын хууль Үндсэн хуульд суурилсан. Дараа нь Эрүү, Зөрчлийн хуультай яаж уялдаж ажиллах вэ гэдэг нь уг хуулийг дагалдаж гарах хуулиудтай холбоотой.

Татвар төлчихөөд шоронд явдаг системийг бид халах гэж оролдож байна. Бизнесменүүд төртэй татвараар л харьцаж байгаа.

Сүүлийн 27 жилийн турш явсан татварын булхайг шинэ хуулиар авч үлдэж болохгүй. Прокуророор айлгаж байж авлига авдаг тогтолцоо таслах цаг болсон" гэлээ. 

Татварын хуулийн тогтолцоо нь олон улсын стандартад нийцсэн. Дэлхийн улс орнууд бизнесийн аж ахуй нэгж байгууллагуудыг татварын тоон мэдээллээ ил тодоор тайлагнах нарийвчилсан хуулийг хэрэгжүүлж эхлээд байна гэдгийг хуралдаанд оролцогчид онцоллоо. 

Татварын хуулиар хөнгөлөлт чөлөөлөлтийг хязгаарлах хэрэгтэй

 

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн багш Ч.Өнөржаргал "Татварын хууль нь татварын үндсэн дүрмүүдэд нийцсэн байна. Татварын хуулиар хөнгөлөлт чөлөөлөлтийг хязгаарлах хэрэгтэй. Энэ нь татвар төлөхгүй байх боломжийг олгож магадгүй. 

Татвар төлөгчийн тайлагнах хугацаа хол болсноор бичил бизнес эрхлэгчид тодорхой боломжийг олгож байна.

Татварын хувь хэмжээг өсгөн нэмэгдүүлэх зүйл заалт хуульд ороогүй байсан. Цаашдаа Татварын хуулийн хэрэгжилтэд илүү анхаарвал боломжийн төсөл байна" гэлээ. 

Зөрчил гарвал прокурор руу очуулахгүй байхаар хуульд тусгасан

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Одоогоор татвартай холбоотой зөрчил гарвал прокурор дээр очиж бүртгүүлж байна. Татварын хуулийн шинэчилсэн төслөөр зөрчил гарвал прокурор руу очуулахгүй байхаар тусгасан.

Татварын хуулийг дагасан журмуудыг олон нийтээр хэлэлцүүлнэ. Үүний дараа уг хуулийн талаар хууль хяналтын байгууллагуудад тодорхой сургалтуудыг хийнэ. Татварын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарын авлагуудыг гаргана. 

Мэдээлэл холбооны технологийг Татварын шинэ хуульд ашиглана. Татварын цахим тооцооны системүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн" гэв.