Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах өрсөлдөөнд Жэжү арал нэмэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Жэжү арлын захирагч Вон Хи Рён ирэх тавдугаар сард болох АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг арал дээрээ зохион байгуулах саналыг өчигдөр зарлажээ.

Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд өөрийн саналыг видео хэлбэрээр нийтэлсэн байна.

Захирагч бас Сөүлд суугаа АНУ-ын элчин сайдын яамаар дамжуулан Трамп ерөнхийлөгчид захидал илгээсэн гэнэ. “Жэжү арал бол 2005 онд Дэлхийн Энхтайвны арлаар нэрлэгдэж байсан, Солонгосын хойг, Зүүн хойд Азийн яриа хэлэлцээрийн төв болдог нутаг дэвсгэр. Хэрвээ хоёр удирдагч Вашингтон, Пёньянд уулзахад хүндрэлтэй бол Жэжү арал хамгийн зөв сонголт байх болно” гэж тэр захидалдаа бичсэн байна.

Мөн энэ жил 1948 оны Жэжүгийн хядлагын түүхт 70 жилийн ой болохыг захирагч онцолжээ. Тухайн онд хоёр Солонгосыг бүр мөсөн хуваах зорилготой  сонгуулийг АНУ-ын дэмжлэгтэй зохион байгуулахад Жэжү арлын иргэд эсэргүүцэж байсан юм. Үүнийх нь төлөө арлын иргэдийг Өмнөд Солонгосын арми олноор нь хядаж байсан гашуун түүх бий.

Уг хядлагад Жэжү арлын 30,000 иргэн амь үрэгдсэн юм.

Тиймээс Жэжү арлын иргэдийн энхийг эрхэмлэгч хүсэл эрмэлзлэл нь тус арлыг Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой болохыг харуулж байгааг Вон Хи Рён онцолсон байна.

Мөн 1991 онд ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Дэ У нар энд уулзсан нь Хүйтэн дайны үеийг төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Ийнхүү Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн газар нутгийн тоо нэгээр нэмэгдэж байна.

 

Эх сурвалж: Korea Times