Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Илон Маскийн аав дагавар охинтойгоо явалдаж хүүхэд төрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

SpaceX, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, технологийн салбарын томоохон бизнесмэн Илон Маскийн эцгийн тухай мэдээлэл Их Британий хэвлэлүүдээр нийтлэгджээ.

The Sunday Times сонинд бичсэнээр Өмнөд Африкт амьдардаг, 72 настай Эррол Маск саяхан 30 настай дагавар охиноосоо төрсөн хүүхдийг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Тэр одоо 10 сартай хүүгээ “төгс хүүхэд”, “Бурхны илгээсэн элч” гэх зэргээр дээрх сонинд ярьжээ.

Хүүхдийг төрүүлсэн Яна Безуиденхот нь Эрролын экс эхнэр Хэйдийн охин юм байна. Эррол, Хэйд хоёр 18 жилийн турш ханилж, хоёр охины эцэг эх болцгоож байжээ.

Харин Безуиденхот тэднийг гэрлэх үед дөрвөн настай байсан гэнэ. Эррол Маск бас Британий “Daily Mail” сонинд дагавар охинтойгоо найзалж байгааг батлаад, төрсөн хүүхдийг өөрийн хүүхэд гэж хэлжээ.

 
Эррол Маск

Илон Маск эцэгтэйгээ таарамжгүй байдаг нь ажиглагддаг. Өмнө нь тэр эцгийгээ “чөтгөр”, “аймшигтай хүн” гэж нэрлэж байсан бол Эррол хүүгээ “эрх нь дэндсэн хүүхэд шиг” гэж тодорхойлж байв.

Эррол бас саяхан хэвлэлд ярихдаа Илоны эх, Канад-Өмнөд Африкийн модель Мэйе Масктай гэрлэж, эцэг болсон явдалдаа харамсаж явдгаа илэрхийлсэн нь бий.

Тэр өөрийгөө хэд хэдэн нууц амрагтай байсан нь гэр бүлээ салгахад хүргэсэн гээд одоо хүртэл тэд тааралдаад хоорондоо огт дуугардаггүй тухай ярьжээ.

Илон Маск гэр бүл салсны дараа эцэгтэйгээ үлдэж, Претори хотод амьдарч, суралцаж байсан гэдэг. Эррол нь нэр хүндтэй инженер хүн бөгөөд Замбид үнэт чулууны уурхай эзэмшиж байжээ.

Эррол бас тэрбумтан хүүгийнх нь амьдралд романтик харилцаа чухал байгааг саяхан ярьсан байдаг. Илон Маск хоёр удаа гэр бүлээсээ салж, сүүлд удаан үерхсэн Америк найз бүсгүй, жүжигчин Амбер Хеардаас мөн салаад байгаа юм.

Эррол хүүгийнхээ амьдралын тухай “Илонд одоо зөв хань хэрэгтэй байгаа. Гэхдээ түүнийг олно гэдэг манай дэлхийн хамгийн хэцүү даалгавар байх” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider South Africa