Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын тухай яриулахгүйн тулд порно жүжигчин Сторми Даниэлзийг сүрдүүлж байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Насанд хүрэгсдэд зориулсан киноны од, жүжигчин Сторми Даниэлз өчигдөр CBS сувгийн “60 minutes” ярилцлагын шоунд оролцож, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ямар харилцаатай байснаа ярьжээ.

Энэ үеэр тэр 2006 онд Трамптай хамгаалалтгүйгээр нэг удаа хавьтаж байснаа хэлсэн байна. Даниэлз тухайн үед Трампад төдийлөн татагдахгүй байсан ч цаашдын бизнес харилцаагаа бодоод унтсан гэжээ. “Би үгүй гэж хэлээгүй. Тиймээс би хохирогч биш” гэсэн нь тэр өөрийгөө сүүлийн үед өрнөсөн алдартай эрчүүдтэй холбоотой бэлгийн дарамтыг илчлэх хөдөлгөөнтэй хамаагүй гэдгээ илэрхийлжээ.

Тухайн үед Трамп өөрийн хөтлөн явуулдаг “The Apprentice” реалити шоунд оруулна гэж Даниэлзд хэлж байсан тул уг харилцааг жүжигчин эмэгтэй бизнесийн зөвшилцөл гэж ойлгосон байна.

Харин 2011 онд тэр Трамптай ямар харилцаатай байснаа нэгэн сэтгүүлд ярих гэж байхад нь үл таних этгээд сүрдүүлснийг ярьжээ.

Түүнийг бага насны охинтойгоо машиндаа суух гэж байхад нь нэг залуу ойртож ирээд “Трампыг зүгээр орхи. Юу болсныг март” гэж хэлсэн байна. Улмаар тэр охин руу нь хараад “Хөөрхөн охин байна. Түүний ээжид ямар нэг зүйл тохиолдвол муухай л байх даа” гэж хэлжээ.

Энэ явдлаас хойш Даниэлз Трампын тухай ярихаас айдаг болсон байна.

Харин 2016 онд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 11 хоногийн өмнө Трампын өмгөөлөгч түүнтэй нууц хадгалах гэрээ байгуулсан нь дээрх явдлыг ил болгох сэдэл төрүүлсэн гэжээ.

Тухайн үед өмгөөлөгч Майкл Коэн түүнд $130,000 төлж гэрээ байгуулсан юм. Коэн энэ мөнгийг Трампаас гараагүй, хувиасаа төлсөн гэж мэдэгдэж байгаа. Харин энэ сарын эхээр Даниэлз уг гэрээнд Трамп өөрөө гарын үсэг зураагүй тул нууц хадгалах шаардлага хүчингүй гэж үзэн, үг хэлэх эрх чөлөөгөө батлуулахаар шүүхэд хандсан байна.

Цагаан ордны хэвлэлийн алба жүжигчин эмэгтэйн мэдэгдлийг үгүйсгэсээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP