Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг АНУ, Британий гол хэвлэлүүдийн бүтэн нүүрийг ашиглан уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Cambridge Analytica компанид 50 сая хэрэглэгчийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг алдаж, Трампын сонгуулийн онлайн сурталчилгаанд ашиглуулсан гэх дуулиан Фэйсбүүк компанийг хүнд байдалд оруулаад байна.

Өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн дуулианы улмаас Фэйсбүүк компанийн зах зээлийн үнэлгээ $60 тэрбумаар буурч, бусад технологийн компаниудыг ч хөлдөө чирээд байгаа юм.

Тэгвэл компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг АНУ, Их Британий гол сонингуудын Ням гарагийн дугаарт бүтэн нүүр эзэлсэн мэдэгдэл гаргаж, олон нийтээс уучлал гуйжээ.

Зукерберг өнгөрсөн долоо хоногт өөрийн фэйсбүүк хуудсанд анх удаа буруугаа хүлээсэн ч уучлал гуйгаагүй юм.

Сонинд гарсан мэдэгдлийн гарчиг “Бид таны мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Хэрвээ чадахгүй бол бид үүнийг хийх эрхгүй” гэж байв.

Мэдэгдэлд Фэйсбүүк яагаад их хэмжээний мэдээлэл алдсанаа товч тайлбарлаж, дахин ийм явдал гаргахгүйн тулд авах арга хэмжээнийхээ тухай өгүүлжээ. Эцэст нь Зукерберг өөрийн гарын үсгийг зурсан байна.

 

Эх сурвалж: Business Insider