Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск компанийхаа Фэйсбүүк хуудсуудыг устгажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй долоо хоногийн турш Фэйсбүүк компанитай холбоотой дуулиан үргэлжилж байна. Тус компанийг 50 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Трампын сонгуулийн онлайн сурталчилгааг хариуцаж байсан Британий Cambridge Analytica компанид ашиглуулсан хэрэг өнгөрсөн долоо хоногт илчлэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Фэйсбүүк компанийн зах зээлийн үнэлгээ үлэмж хэмжээгээр унаж, олон тэрбумын хөрөнгө салхинд хийсээд байна. Мөн фэйсбүүк хуудсаа устгах хөдөлгөөн хүмүүсийн дунд дэгдээд байгаа.

Тухайлбал 2014 онд Фэйсбүүкийн худалдаж авсан WhatsApp мессенжэрийг үүсгэн байгуулагчдын нэг Брайн Эктон энэ сарын 20-ны өдөр “Фэйсбүүкээ устгах цаг боллоо” гэж твиттер хуудсандаа уриалж байв.

Тэгвэл өчигдөр SpaceX, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн компаниудын фэйсбүүк хуудсыг устгахаа амлаж, даруй ажиллагаагүй болгосон байна.

Үүнээс өмнө тэр компаниудад нь Фэйсбүүк хуудас байдгийг мэдээгүй явсан гэдгээ хэлжээ. Твиттер сүлжээнд хүмүүс Илоноос албан ёсны хуудсуудаа устгах эсэхийг нь асуухад тэр “Ийм зүйл байдгийг мэдээгүй юм байна. Одоо устгалаа” гэж хариулсан юм.

Удалгүй Tesla, SpaceX компаниудын фэйсбүүк хуудсууд ажиллагаагүй болсон байна.

Эдгээр хуудаснууд нь олон сая “Like”-тай, компанийн шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар тогтмол мэдээлэл нийтэлдэг байсан юм.

Үүний дараа нэг хэрэглэгч түүнээс Инстаграм хуудсаа устгах эсэхийг асуухад тэр “Инстаграм харьцангуй шударга ажилладаг тул устгаад хэрэггүй байх. Би хэзээ ч фэйсбүүк хэрэглэж байгаагүй, устгаснаар надад болон компаниудад маань асуудал үүсэхгүй гэж бодож байна. Бидэнд мөнгө төлж өөрийгөө сурталчлах, бусдаар дэмжүүлэх хэрэгцээ байхгүй” гэж бичжээ.

Ер нь Илон Маск, Марк Зукерберг нарын хоорондын харилцаа тийм ч сайнгүй нь харагддаг. Өнгөрсөн онд SpaceX-ийн пуужин Фэйсбүүкийн хиймэл дагуулыг тойрог замд хүргэх гэж байгаад осолдсон. Зукерберг үүнийг таагүй хүлээн авч, SpaceX компанийг шүүмжилсэн утгатай мэдэгдэл хийж байсан юм.

Харин Илон Маск Фэйсбүүкийн хиймэл дагуулыг даатгалтай тул асуудалгүй гэж үзэээд дахин хөөргөх саналыг Зукербергт тавьж байжээ.

 

Эх сурвалж: Quartz