Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч шоронд анхны шөнийг өнгөрөөлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Ли Мюн Бакын хоригдож байгаа өрөөг энгийн хоригдлын өрөөтэй харьцуулсан нь

Авлигын хэрэгт шалгагдаж байгаа Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ли Мюн Бак Пүрэв гарагийн шөнө баривчлагдаж, Сөүлийн зүүн дүүргийн саатуулах төвд хүргэгдсэн юм.

Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 11 тэрбум воны ($10.2 сая) авлига авсан гэдгийг эхний ээлжинд илрүүлээд байгаа. Хэрвээ тулгасан хэргүүд нь бүгд батлагдвал 76 настай Ли Мюн Бак 45 хүртэл жилийн хорих ял эдлэх юм.

Лиг саатуулах төвд ирмэгц хувийн мэдээллийг нь бүртгэж, эрүүл мэндийн үзлэгт оруулжээ. Дараа нь шүршүүрт оруулж, зүүн энгэртээ дугаар бүхий хоригдлын дүрэмт хувцас өмсүүлээд өрөөнд нь хүргэсэн байна.

Үүнээс өмнө экс ерөнхийлөгчийн фото зургийг авсан гэнэ. 12 давхар саатуулах төвийн хамгийн дээд давхарт, давхартаа ганцаар хоригдох онцгой хүндлэлийг түүнд үзүүлжээ.

Мөн Лигийн өрөө нь 13.07 м.кв талбайтай буюу энгийн хоригдлуудын 6.56 м.кв талбайтай өрөөнөөс хоёр дахин том гэнэ.

Өрөөнд ариун цэврийн булан, зурагт, угаалтуур, тавилга гээд шаардлагатай бүх зүйлс байгаа ажээ. Бусад талаар ерөнхийлөгч асны хоригдох нөхцөл бусад хоригдлуудынхтай адилхан гэнэ.

Шоронгийн анхны шөнөө Ли Мюн Бак унталгүй сэрүүн өнгөрөөснийг шоронгийн захиргаа мэдээлсэн байна. Өглөөний цайнд бусад хоригдлын адил талх, жимсний чанамал, шар буурцагны сүү, байцааны салад өгсөн гэнэ. Гэхдээ Ли өглөөний цайгаа хэрхэн хүлээж авсан тухай мэдээлээгүй байна.

Баасан гарагт түүнийг амрааж, ямар нэг байцаалт явуулахгүй гэдгээ прокурорууд мэдэгджээ. Ли Мюн Бакыг албан ёсны яллах шийдвэр гартал 20 хоног буюу дөрөвдүгээр сарын 10 хүртэл саатуулах юм байна.

2008 оноос 2013 он хүртэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албыг хашсан Ли Мюн Бакын авлигын хэргийг хуулийнхан сүүлийн таван сарын турш шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times