Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн паркийн газрын асуудал шийдэгдэхгүй бол Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил хойшлогдоно"

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нийт 22 иргэн, аж ахуйн байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж, “Шунхлай трейд”, “Жаст ойл” компанид олгох нөхөх олговрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан бол “Таванбогд” ХХК /Тоёота авто сервис/-ий шинээр барих орц гарцыг нийслэлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр 2018 оны төлөвлөгөөнд тусгажээ.

Гүүрэн гарцын өгсөх налуу замын нөлөөлөлд өртөөд байгаа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн авто зогсоолын талбайг хасаж батлах нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санал авах шатанд байгаа аж. 

Мөн нөлөөлөлд өртсөн Олимпийн гудамжны мод зайлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Өвлийн улиралд барилгын ажил хийгдэхгүй, зам хааснаар түгжрэл их үүсэх байдлаас үүдэн 2017 оны намар эхлэх барилгын ажлыг хойшлуулж, 2018 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болсон юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Гүүрэн гарцын Барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой.  Гэвч Паркийн үйл ажиллагаатай холбоотойгоор газрын асуудал бий. Олон түвшний отглолцол бүхий гүүрэн гарцын 16 багана Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн автомашины зогсоол дээр цутгаж гаргах ёстой. 

Энэ газарт хот тодорхой хэмжээний хувь эзэмшдэг. Гэрээгээрээ хот 35 хувийн хувьцаа эзэмшдэг. Гэвч зарим нэг хувийн байгууллагуудын явцуу эрх ашгийн хүрээнд зарим маргаан үүсэж байна.

Тийм учраас гэрээндээ өөрчлөлт оруулаад, энэ асуудлаа газрын маргаангүйгээр чөлөөлж авах нь хамгийн чухал ажил юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө бид НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өргөн барина. 

Хэрэв газрын маргааны асуудал шийдэгдэхгүй бол барилгын ажлын хугацаа хойшилно. Учир нь Хятадын Экзим банкны өмнө хүлээсэн үүргийн дагуу бид газрыг маргаангүйгээр чөлөөлж өгсөн байх ёстой. Газар 100 хувь чөлөөлөгдөж байж ажил эхэлнэ. 3,100 м2 орчим талбайг гүүрний байгууламжид ашиглана" гэлээ.