Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Нандин-Эрдэнэ: Нобелийн шагналтнууд дэлхий нийтийн хүнсний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
 

БСШУСЯ, ЭМЯ-ны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтдийн анхны том хэлэлцүүлэг өнөөдөр болж болно. 

Хэлэлцүүлэгт 2017 оны залуу эрдэмтэн грант хүртсэн 12 шилдэг судлаач, "Докторын дараах инновацийн тэтгэлэг" хүртсэн 10 эрдэмтэн оролцож байна. Мөн Нобелийн шагналтнуудын лекцэнд анх удаа Монгол Улсаа төлөөлж оролцоод ирсэн Т.Атарсайхан, О.Нандин-Эрдэнэ нар ирсэн байлаа.

"Дэлхий дахинд өөр өөр салбарт ажиллаж байгаа судлаачдын багаар ажиллах чадварыг сорьсон арга хэмжээнүүд явагдсан"

 

Энэ үеэр НЭМҮТ-ийн ЭМ-ийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.

- Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцохын тулд ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ?

- Уулзалтын зарыг БСШУСЯ-ны сайт дээрээс харсан. Тавигдах шаардлагын гол хоёр шалгуур байгаа юм уу гэж ажигласан. Нэгдүгээрт эсээ бичнэ. Эсээнд нэлээд өндөр шалгуур тавьж, энэ уулзалтад оролцоод эргэж очоод улс орондоо тодорхой хэмжээний нөлөөллийн зүйл хийж чадах уу гэдгийг харсан байх.  Дараагийн дугаарт мэдээж хэрэг CV-гээ явуулна. Ямар эрдэм шинжилгээний ажил хийж байсан, үнэхээр шинжлэх ухаанд чин сэтгэлээсээ хандаж байна уу гэдгийг голлон харсан болов уу. 

Миний хувьд докторын судалгааны ажил маань намайг сонгоход нөлөөлсөн байх гэж бодож байгаа. 

Тэгэхээр манай судлаачдад Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцох боломж нээлттэй байна гэж ажигласан.

- Энэ жилийн Нобелийн шагналтнуудын уулзалтын үеэр ямар асуудал голлон яригдсан бэ?

- Нобелийн шагналтнуудын 10 дахь удаагийн уулзалт Япон улсад энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Эхний өдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр шагналтнуудын оролцсон гол хэлэлцүүлэг болсон. Жил бүрийн уулзалтын үеэр нэг асуудал дээр төвлөрч ярилцдаг. Энэ жилийн хувьд "Дэлхий нийтийн хоол хүнсний хэрэглээ, 10 тэрбум хүрэх гэж байгаа хүн амыг юугаар хооллох вэ, ХАА-н салбар ямар түвшинд явж байна вэ" гэсэн сэдвийн хүрээнд үндсэн хэлэлцүүлэг өрнөсөн.

- Таван өдөр үргэлжилсэн уулзалтын үеэр залуу судлаачид юу юу хийдэг юм бэ?

- Докторын дараах сургалтад хамрагдаж буй эрдэмтэд уг уулзалтад оролцох боломжтой. Энэ жилийн уулзалтад 106 судлаач оролцсон. 106 судлаач маань 11 бүлэг болж хуваагдаад эрдэмтэн хүн ямар байх ёстой, Нобелийн шагнал хүртэхийн тулд хэрхэн ажиллах шаардлагатай, шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэх мэт сэдвүүдээр даалгавар авч тав хоног баг болж ажилласан. Ингээд уулзалтын сүүлийн өдөр даалгавараа танилцуулсан. Дэлхий дахинд өөр өөр салбарт ажиллаж байгаа судлаачдын багаар ажиллах чадварыг сорьсон арга хэмжээнүүд явагддаг юм билээ.


Шинжлэх ухаан технологийн сангаас зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийн үеэр "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-ын нээлт болж, залуу эрдэмтдийн бүтээлүүдийг танилцуулсан юм.

ФОТО