Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн компани $32 саяын хөрөнгө оруулалтаа $175 тэрбум болгож өсгөжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Naspers компани стартап бизнест хөрөнгө оруулснаар хэрхэн мөнгөө өсгөж болдгийг харууллаа.

Кэйп Таун хотод төвлөрдөг тус компани өчигдөр Хятадын Tencent Holdings компанид эзэмшдэг хувьцааныхаа багахан хэсгийг зарж $10.6 тэрбумын бэлэн мөнгө олжээ.

Энэ нь WeChat мессэнжерийн үйлчилгээг эрхлэгч Tencent-ийн зах зээлийн үнэлгээний 2 орчим хувь болж байгаа юм. Naspers 2001 онд Хятад оронд интернэтийн хэрэглээ бага байсан үед Tencent хэмээх ирээдүй нь бүрхэг, вэб хийдэг жижигхэн компанид $32 саяын хөрөнгө оруулж байжээ.

Гэтэл өнөөдөр энэ хөрөнгийн үнэлгээ нь $175 тэрбум болоод байна. Энэ нь бараг 5,500 хувиар өсгөсөн гэсэн үг.

Хэрвээ тухайн үед Naspers хувьцааг нь худалдаж авах шийдвэр гаргаагүй бол Өмнөд Африкийн жижигхэн хэвлэл мэдээллийн компани хэвээр үлдэх байв. Сонин гаргаж, төлбөртэй телевизийн суваг ажиллуулдаг Naspers одоо Tencent-ийн ачаар Африк тивийн хамгийн өндөр үнэтэй компани болоод байгаа юм. Тус компанийн зах зээлийн үнэлгээ $122 тэрбум байгаа ба Tencent-ийн хувь эзэмшлээс бусад бизнесийн үйл ажиллагааг нь бараг тэг үнэлгээтэй гэж үздэг байна.

Яг ийм аргаар их хэмжээний хөрөнгөтэй болсон компаниудын жишээ нь Алибабад анх хөрөнгө оруулсан Yahoo, Softbank компаниуд юм.

Naspers хувьцаа зарж олсон мөнгөөрөө зар сурталчилгаа, хоол хүргэлт, санхүүгийн үйлчилгээ (fintech) зэрэг шинэ бизнест хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Тэд Tencent-ийн хамгийн том хувь эзэмшигч бөгөөд саяын наймаагаар эзэмшлийн 33.2 хувиа 31.2 хувь болгон бууруулж байгаа юм. Тус компани өнгөрсөн 17 жилийн хугацаанд эзэмшлийн хувьцаагаа огт зарж байгаагүй.

Naspers ойрын гурван жилийн хугацаанд дахин эзэмшил хувиа зарахгүй гэж мэдэгдсэн байна.

Tencent Holdings нь өнөөдөр $500 гаруй тэрбумын үнэлгээтэй, Азийн хамгийн өндөр үнэтэй компани болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg