Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Toys R Us” дампуурсны дараа үүсгэн байгуулагч нь таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тоглоом наадгайн аварга компани “Toys R Us” өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Тэгвэл тус компанийг 60 орчим жилийн өмнө үүсгэн байгуулсан дэлхийн II дайны ахмад дайчин Чарльз Лазарус өчигдөр 94 насандаа таалал төгсжээ.

Тоглоомын жижиглэнгийн худалдааны томоохон сүлжээг байгуулсан Лазарус 1994 онд компанийхаа гүйцэтгэх захирлын суудлыг шилжүүлж, өдөр тутмын ажлаас холдож байжээ.

Гэвч “Toys R Us” дижитал эринд өрсөлдөх чадвар нь алдагдаж, Amazon, Walmart зэрэг компаниудад зах зээлээ булаалгасан юм. Ингээд хуримтлагдсан өр, алдагдлаа даалгүйгээр АНУ даяарх 735 дэлгүүрээ хааж байгааг өнгөрсөн долоо хоногт зарлажээ. Үүнд нь “Babies R Us” дэлгүүрүүд мөн багтсан байна.

Унадаг дугуйн дэлгүүрийн эзний хүү Лазарус 1950-аад оны үед өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрүүд анх нээгдэж эхлэх үеэр хүүхдийн тоглоомоор төрөлжсөн худалдааны сүлжээ бий болгох бизнес загварыг бодож олсон гэдэг.

Түүний дэлгүүрүүд нь маш олон төрлийн тоглоом наадгайн сонголттой, хүүхдүүдийн диваажин болсон супермаркетууд байв.

1923 оны аравдугаар сарын 4-нд төрсөн Лазарусын нэрийг 1990 онд Америкийн Тоглоом Үйлдвэрлэлийн Холбооны алдрын танхимд залж байжээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun