Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхзул: 1,182 гадаадын иргэн 2.4 тэрбум төгрөгийн хүн амын орлогын албан татвар төлөөгүй байна

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Гадаадын ажиллах хүчний бодлого, чиглэл, авах арга хэмжээ” ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж буй ААН, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж,  Засгийн Газар болон яамны зүгээс баримталж буй бодлого, чиглэлээ танилцууллаа.

Монгол Улсад 2017 онд гадаадаас нийт 19,715 ажиллах хүч, мэргэжилтэн ирж ажиллажээ.

Тус яам гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавьж, шалгах ажлын хэсэг гарган ажилласан байна. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал,

  • анх ажиллах хүч авах зөвшөөрөл авсан байгууллага өөрийн компанийн ажиллах хүчийг бусад компанид шилжүүлсэн,
  • хаяг байршлыг тодорхой бус өөрчилсөн,
  • ажиллах хүчийг анх авсан зориулалтын бусаар ашигласан,
  • бусад ажлуудад дайчлан ажиллуулдаг,
  • зохих хэмжээний хөдөлмөрийн хөлс олгодоггүй,
  • нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлдөггүй зөрчил.

Мөн гадаадаас орж ирж буй ажилчид Монголын ажилчдыг дадлагажуулж, мэргэшүүлэх хангалттай мэргэжлийн хүмүүс орж ирдэггүй нь шалгалтын үр дүнд илэрчээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул “Гадаадаас орж ирж буй ажилчид нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлдөггүй зөрчил илэрсэн. Тодруулбал, 1,182 гадаадын иргэн 2.4 тэрбум төгрөгийн хүн амын орлогын албан татвар төлөөгүй байна.

Мөн шалгалтад нийт 42 аж ахуйн нэгж хамрагдснаас нийт 17 байгууллага 770.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйд бид акт хүргүүлж алданги тооцсоноор аж ахуйн нэгж, байгууллагууд 550 гаруй сая төгрөгийг эргүүлэн төлж зөрчлийг арилгасан” гэв.

Гадаадаас ирсэн ажиллах хүчнийг өөр компанийн нэр дээр шилжүүлбэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг шууд хураах арга хэмжээ авна
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Монгол Улсын Засгийн Газар 2016 оноос 2020 оны хооронд гадаадын улс орнуудаас хуулийн дагуу орж ирж ажиллаж буй ажиллах хүчний тоог 50 хүртэлх хувиаар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн жил тус асуудал дээр хатуу бодлого явуулж, хяналт шалгалт ихээр явуулсан. 

Тухайлбал, БНСУ-аас орж ирж буй ажилчдын тоог 2017 онд 50 хувиар бууруулсан, 2017 онд орж ирсэн гадаад ажилчдын тоо 19,715 байсан бөгөөд 2016 оныхтой харьцуулбал 35 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Засгийн Газар болон яамны зүгээс 2018 онд гадаадаас орж ирж буй ажилчдын тоог 30 хувь , 2019 онд 20 хувь, 2020 онд 50 хувиар тус тус бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Энэ онд тухайн асуудал болон зөрчлүүдтэй  холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсан. Үүнд гадаадын улс орноос ажиллах хүч авч буй байгууллага тухайн компанийн нэр дээр бүртгүүлж, зөвхөн ажиллуулах заалт оруулсан. Ингэснээр өөр компанийн нэр дээр ажилчдыг шилжүүлэх асуудал гарахгүй юм.

Хэрэв ийм зөрчил илэрвэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг шууд хураах арга хэмжээ авах болно.

Мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гадаадаас ажиллах хүч авч буй байгууллагуудтай гэрээ хийж, улирал болгон хяналт шалгалт тавьж ажиллахаар төлөвлөж байна.

Өмнө нь гадаадаас орж ирж буй ажилчдын тоо, квотыг Засгийн Газар, агентлаг болон сайдын тушаалаар өгдөг байсан.

Харин энэ жил гадаадаас орж ирж буй ажиллах хүчний квот болон давсан тоог зөвхөн Засгийн Газар тогтоож өгдөг болохыг энэ хаврын чуулганаар хөдөлмөр хамгааллын хуульд шинэчлэн оруулахаар ажиллаж байна" гэлээ.

Уулзалтын зургуудаас: