Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаярт АНУ-д Элчин сайдаар томилогдох Итгэмжлэх жуух бичгийг Ерөнхийлөгч гардуулж өгөхөөр болжээ

Б.Ану
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг,  Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг,  Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн билээ. 

Гэвч "Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигч нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна" гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл бидний авсан мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярт өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулан өгч магадгүй гэсэн мэдээлэл ирлээ. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч удаан хугацаагаар хойшлуулаад байсан Элчин сайд нар дотроос  Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг зөвшөөрчээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм. Үүний хариуд АНУ-ын зүгээс Монгол Улстай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ.