Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Дараагийн 100 жилд Монгол оронд өвөл орох хур тунадас нэмэгдэж, зуных одоогийн хэмжээнд байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уур, орчны шинжилгээний газараас Цаг уурын баярын өдрийг угтан "Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, гамшигт бэлэн байцгаая" эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа "Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.Тухайлбал, хэт халуун, хүчтэй салхи, үер, зуд гэх мэт. Тиймээс аюул гамшигт бэлэн байя, урьдчилан мэдээлж, ард иргэдээ гамшгаас хамгаалахын тулд хэрхэн ажиллахаа өнөөдөр зөвлөлдөж байна.

ЦУОШГ-ын гол зорилго бол ажиглалтын станцуудаа чадавхжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг тогтмол хийж байдаг. Энэ жилийн хувьд автомат станцуудынхаа тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод 2000 оноос хойш ажиллаж буй ганц радараа шинэчлэхээр төлөвлөж байна. Радарт маань элэгдлийн улмаас үе үе доголдол үүсээд байгаа. Мөн Монголдоо ганц байдаг супер компьютерийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлнэ" хэмээн ярилаа.

"20 км-ийн нарийвчлалтай дараагийн 100 жилийн цаг уурын мэдээллийг боловсруулсан"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хурлын үеэр Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судлалын хэлтсийн  эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Баясгалантай товч ярилцлаа. Түүний "Монгол орны өвлийн уур амьсгал, түүнийг урьдчилан мэдээлэх" сэдэвт өгүүлэл тус хүрээлэнгийн 2018 оны шилдэг бүтээл, өгүүлэлээр тодорчээ.

- Цаг уурын урьдчилсан мэдээ гаргахдаа ямар аргыг түгээмэл ашигладаг вэ?

- Монгол орны хэмжээнд 1920-оод оноос эхлээд цаг уурын ажиглалтын мэдээг гаргаж ирсэн. Жил ирэх тутам ажиглалтын станцын тоо, цар хүрээ нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч Монгол орны газар нутаг өргөн уудам учраас бид тэр болгон нарийн мэдээллийг ажиглаж чадахгүй байгаа. Тиймээс сүүлийн үед гарч байгаа бүсийн загваруудыг ашиглаад цаг хугацаа орон зайн хувьд нарийвчлах ажлуудыг хийж байна. 

- Бүсийн загваруудыг ашиглаад гаргах мэдээлэл хэр хэмжээний нарийвчлалтай гарах вэ?

- Би энэ удаагийн судалгаандаа уур амьсгалын бүсийн загварыг ажиллуулаад дэлхийн хэмжээний мэдээллийг 20 км-ийн нарийвчлалтай, цаг тутмын бүх цаг уурын үзүүлэлтүүдийг 1981-2015 оны хэмжээнд гаргаж ирсэн. 

Энэ мэдээллийн сууриа урьдчилан сэргийлэх мэдээнд хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал тавигдана. Сар, улирлын таамаг мэдээг бол глобал загвар ашиглан гаргадаг. Харин урт хугацаанд аажмаар хувьсдаг, шинж чанараа хадгалдаг үзүүлэлтүүдийн холбоог олж, түүнээсээ хамааруулсан статистик аргыг хэрэглэх нь үр дүнтэй гэсэн эрдэмтдийн зөвлөмж байдаг.

- Монгол орны цаг уур урт хугацаандаа хэрхэн өөрчлөгдөх талаар судалгаа хийгдэж байгаа юу?

- Миний бие Монгол орны өвлийн улирлын урьдчилсан мэдээ гаргах арга технологийг сайжруулах оролдлогыг хийсэн. Туйлын мөс хайлж байгаатай холбоотойгоор далайн хэмжээ нэмэгдэж байгаа нь Монгол орны уур амьсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол оронд тохиолддог амьд циклоны орчил, урсгалын индексийг босгож, нарийвчилсан мэдээг гаргах аргыг хийсэн. 

 Температур өснө гэсэн хандлага тодорхой байгаа.

Мөн Зүүн Азийн уур амьсгал 100 жилийн дараа ямар болох талаар төсөл дээр миний бие орж ажилласан байгаа. Солонгос улсад хийгдсэн уг судалгаанд монголынхоо газар нутгийг оруулаад, бодолтууд нь супер компьютер дээр хийгдсэн. 20 км-ийн нарийвчлалтай дараагийн 100 жилийн цаг уурын мэдээллийг боловсруулсан. 

Уг судалгааны анхан шатны үзүүлэлтүүдээс харахад мэдээж температур өснө гэсэн хандлага тодорхой байгаа. Дараагийн дугаарт хур тунадасны асуудал яригдана. Манай орны хувьд өвлийн улирлын хур тунадас нэмэгдэх магадлалтай, зуны улирлын хур тунадасын хэмжээ нэмэгдэхгүй, одоогийн хэмжээнд байна гэсэн үр дүн гарсан. Энэ судалгааны үр дүн эцсийн байдлаар гараагүй, анализ хийгдээд явж байгаа. Дараа жилийн өдийд бүрэн дуусч, олон улсын сэтгүүлд өгүүлэл нийтлэгдэх байх.